Сергей Бубкагийн баатар цолыг хураахыг Владислав Гераскевич парламентаасаа шаардав
Италийн олимпын үеэр дайнд амь үрэгдсэн тамирчдын зурагтай дуулга өмсөж оролцохоор санаархаад хасагдсан Украины скелетонч Владислав Гераскевич нутагтаа очсон даруйдаа ардын баатар болсон юм.
Хэдийгээр олимпоос медаль аваагүй ч тус улсын хөлбөмбөгийн "Шахтёр" багийн эзэн түүнд 200,000 ам.долларын урамшуулал өгөхөө амласан. Энэ нь олимпын алтан медальтны шагналтай дүйцэх мөнгөн дүн аж.
Өдгөө 27 настай украин эр уг шагналын мөнгийг дайнд үрэгдсэн тамирчдын ар гэрийнхэнд хандивлахаа мэдэгдсэн юм.
Тэгвэл өчигдөр В.Гераскевич Украины парламент буюу Дээд Радын индэрт үг хэлэхдээ Украины Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны тэргүүн асан, олимпын аварга Сергей Бубкагийн улсын баатар цолыг хураахыг шаарджээ.
2023 онд тус улсын хэвлэлээр алдарт тамирчин Сергей Бубкаг эзлэн түрэмгийлэгчтэй холбоотой гэх мэдээлэл цацагджээ.
Харин 1988 оны олимпын аварга, дэлхийд зургаа түрүүлсэн тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан С.Бубка уг мэдээллийг үгүйсгэсэн юм.
В.Гераскевич олимпын үеэр дайнд амиа алдсан 24 тамирчны дурсгалыг хүндэтгэх зорилгоор тэдний зурагтай дуулга өмсөөд уралдах хүсэлтэй байв. Гэвч Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос энэ шийдвэрийг нь эсэргүүцсэн. Тэд дуулгаа солихыг шаардсан ч украин эр зөвшөөрөөгүй тул олимпоос хассан билээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
