Олимпын аварга Михаил Шайдоровын цалингийн мэдээллийг ил болгосон нь Казахстанд маргаан дагуулав
Италийн олимпод Казахстаны цор ганц медалийг хүртсэн тамирчин бол Михаил Шайдоров. Тэрбээр уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэнээр нутагтаа баатар болоод буй.
Гэхдээ олимпын аварга нутагтаа ирсэн даруйд өөр нэгэн асуудал олны анхаарлыг татах болжээ. Өнгөрсөн жил түүний аав, хүүгийнхээ анхны дасгалжуулагч Станислав Шайдоров нэгэн ярилцлагадаа 2021 онд хүүг нь гэмтсэний дараа шигшээ багаас хасаж, цалинг нь өгөөгүй талаар дурдсан юм.
Нутгийнхаа "Караван" сонинд өгсөн тэр ярилцлагадаа Станислав "Олимпын эрх авах чухал улиралд бид ямар ч дэмжлэг аваагүй. Хэрвээ би бизнесмэн байсан бол чимээгүй байж болно. Гэхдээ Михаил шиг ур чадвартай тамирчин бэлдэхэд их зардал гарна. Бэлтгэлийн тусгай бааз, өмсгөл гээд олон зүйлд мөнгө хэрэгтэй. Энэ улсын гол тамирчин, ялангуяа гэмтэлтэй үедээ дэмжлэггүй байх нь хэвийн бус зүйл" хэмээн бухимдсан юм.
М.Шайдоровыг олимпын алтан медаль авснаас хойш дээрх ярилцлагад дурдсан хэсэг олны анхаарлыг ихэд татсан юм. Ялангуяа албан тушаалтнуудыг тамирчдын бэлтгэлийн зардлаас танаж, Милан руу аялаад ирсэн гэх яриа тархжээ.
Олны хардлагаас айсан Казахстаны Спортын Яам 2025 онд уран гулгагчийн бэлтгэлд зарцуулсан дэлгэрэнгүй тайланг олонд дэлгэсэн байна. Тэр дундаа уран гулгагчийн авсан цалинг нийтэд ил болгосон нь олимпын аваргыг цухалдуулжээ.
Тус тайланд дурдсанаар М.Шайдоров жилд 65,000 ам.долларын цалин авдаг бөгөөд уран гулгалтын төрөлд нийт 500,000 ам.доллар зарцуулсан байна.
Энэ талаар М.Шайдоров нутгийнхаа "Tengrinews"-т өгсөн ярилцлагадаа "Миний цалингийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг цацсан нь тамирчны хувьд үл хүндэтгэсэн хэрэг гэж харж байна. Би зүгээр л ажлаа хийгээд үр дүнд хүрсэн тул энэ мэдээллийг яагаад задруулсныг ойлгоогүй. Бодвол алтан медалийн төлбөрөө нэхэмжилж байгаа бололтой" гэсэн юм.
М.Шайдоровыг нисэх онгоцны буудалд угтаж авахаар хүлээх зуураа сэтгүүлчид Аялал Жуулчлал, Спортын сайд Ербол Мырзабосыновоос олимпын наадамд оролцсон Казахстаны төлөөлөгчдийн төсвийн талаар тодруулахад сайд хариуг бичгээр өгөхөө амлажээ.
Сайд мөн Итали руу явсан төлөөлөгчид шалтгаангүй яваагүй, тэд бүгд тодорхой ажлын төлөвлөгөөтэй явсан гэж товч хариулсан байна. Харин тамирчны цалин болон шигшээ багийн зардлын тайланг ил болгосон талаараа тодорхой хариулт өгсөнгүй.
Харин Казахстаны цахим орчинд зардлын мэдээллийг ил болгосон яамны үйлдлийг буруутгасан байна. Тэдний дийлэнх нь ирээдүйтэй тамирчдыг бэлдэхэд хангалттай төсөв зарцуулдаггүйг шүүмжилсэн юм.
Сонирхуулахад Өчигдөр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев олимпын аварга болон дасгалжуулагч нарыг хүлээн авчээ.
Энэ үеэр М.Шайдоровт "Ирвэсийн одон" (Order of the Leopard) хүртээсэн бол түүний дасгалжуулагч ОХУ-ын иргэн Алексей Урмановыг "Найрамдлын одон"-гоор шагнажээ.
Харин олимпын аваргын анхны багш, аав Станислав Шайдоров, уран гулгалтын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ассем Кассанова, Казахстаны уран гулгалтын холбооны тэргүүн Бауржан Ерали нарыг "Хүндэтгэлийн одон"-гоор мялаав.
Эх сурвалж: Open.kg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
