Афганистаны гол хотуудыг бөмбөгдсөний дараа Пакистан улс дайны байдалд шилжсэнээ зарлав

Т.Давааням, ikon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн шөнө Пакистаны нисэх онгоцнууд Афганистаны нийслэл Кабул болон өмнөд бүсийн Кандагар хотуудыг үүр цайтал бөмбөгдсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Бөмбөгдөлтийн дараа Пакистаны тагнуулын нисэх онгоц Афганистаны тэнгэрт ниссээр байгааг Талибаны засгийн газар сүүлд мэдээлсэн байна.

Пүрэв гарагт Афганистаны зэвсэгт хүчин Исламабад хотод агаараас довтолж, дараа нь Пакистаны хилийн цэргүүд рүү довтолсны маргааш ийм хариу арга хэмжээ авчээ.

Өчигдөр Афганистаны зүүн бүсийн Нангархар мужийн эрх баригчид Торхам дахь хоёр улсын хилийн дагуу тулаан үргэлжилж байгааг мэдээлсэн байна.

Афганистан, Пакистаны сөргөлдөөн олон сарын турш үргэлжилж байгаад ийнхүү ноцтой хэмжээнд хүрч байгаа юм. Өнгөрсөн оны аравдугаар сард хил дээр гарсан мөргөлдөөний үеэр олон арван цэрэг, энгийн иргэний амь үрэгдэж байв.

Пакистаны эрх баригчид Афганистан дахь Талибаны засгийн газрыг хил дамнасан халдлага явуулдаг зэвсэгт бүлэглэлүүдийг нутаг дэвсгэртээ орогнуулж байгаад буруутгадаг.

Мөн Пакистаны түүхэн дайсан Энэтхэг улстай дотноссонд Талибаны эрх баригчдыг буруутгаж байна.

Өнгөрсөн оны мөргөлдөөн Катарын засгийн газрын зуучилсан яриа хэлэлцээний үр дүнд зогссон ч талууд арваннэгдүгээр сард Истанбулд уулзаад эвлэрч чадаагүй юм.

зураг
 

Ням гарагт Пакистаны тал Афганистаны хил орчмын бүс нутагт агаараас довтолсон. Пүрэв гарагийн 20:00 цагийн үед Афганистаны тал үүний хариу болгон Пакистаны хилийн харуулууд руу газраар довтолжээ.

Үүнээс хойш хэдхэн цагийн дараа Пакистаны арми Афганистаны гол хотуудыг бөмбөгдөж эхэлсэн юм.

Бөмбөгдөлтийн улмаас ямар хохирол амссан талаар хоёр улс нэлээд зөрүүтэй мэдээлэл өгч байна.

Пакистаны мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн сайд Аттауллах Тарар өчигдөр Кабул, Пактиа, Кандагар хотуудыг бөмбөгдөхөд Талибаны 133 албан хаагч алагдаж, 200 гаруй хүн шархадсан бөгөөд хохирлын хэмжээ цаашид өсөх магадлалтайг мэдээлжээ.

Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф тус улсын зэвсэгт хүчин “түрэмгийлэгчдийг бут цохиж чадна” гэж мэдэгдсэн бол батлан хамгаалахын сайд нь “нээлттэй дайн” эхэлж байгааг зарласан юм.

Батлан хамгаалахын сайд Хаважа Мохаммад Асиф сошиал хуудсандаа “НАТО-гийн хүчин гарсны дараа Афганистанд энх тайван тогтоно гэж найдаж байсан ч эсрэгээрээ Талибанчууд дэлхийн өнцөг булан бүрээс террористуудыг цуглуулж эхэлсэн” тухай бичжээ.

“Бидний тэвчээр барагдлаа. Одоо манай хоёр улсын хооронд нээлттэй дайн өрнөж байна” гэж тэр мэдэгдсэн юм.

Пакистанд бас Афганистанаас тусдаа үйл ажиллагаа явуулдаг Талибаны бүлэглэл байдаг. Гэхдээ Афганы Талибаны засгийн газар тэднийг дэмжиж, нутаг дэвсгэртээ орогнуулдаг хэмээн Пакистаны тал буруутгаж байна.

Үүнээс гадна Пакистаны өмнөд хэсгийг салан тусгаарлах зорилготой Балучистаны зэвсэгт бүлэглэлийг дэмждэг гэж үздэг.

Пакистан, Афганистан улсууд Дюрандын Шугам гэгддэг 2,611 км урт шугамаар хил залгадаг. Уг хилийг Афганистаны тал албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байдаг юм.

 

Эх сурвалж: Associated Press