"М.Нарантуяагийн гэрээс 25 настай эрэгтэй эд зүйлс хулгайлсныг тогтоолоо. Алдагдсан зарим зүйлийг гэртээ хадгалж байсан"
Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн М.Нарантуяа-Нара гэрт нь хулгай орсон талаар олон нийтийн сүлжээн дэх хаягаараа энэ сарын 22-нд мэдэгдэж, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа тухай мэдээлж байв..
Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олжээ.
Энэ тухай Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэлийн хэлтсээс "Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэр иргэн Н-ний гэрт хулгайч орж, эд зүйл алдагдсан” мэдээлэл бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Шалгалтын явцад уг гэмт хэргийг 25 настай эрэгтэй М үйлдсэнийг олж тогтоон, хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг гэртээ хадгалж байсныг хураан авсан.
Тухайн этгээд нь өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд одоогоор хуульд заасан үндэслэл журмын дагуу нотолбол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа үргэлжилж байна" гэж өнөөдөр мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

