АНУ-ын арми Иран улсын нутаг дэвсгэрт "томоохон байлдааны ажиллагаа" эхлүүлснийг Трамп зарлалаа
Дөнгөж сая АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын арми Иран улсын нутаг дэвсгэрт “томоохон байлдааны ажиллагаа” эхлүүлснийг зарлалаа.
Түүний мэдэгдлийн өмнөхөн Израил улсын батлан хамгаалахын сайд Израил Кац мөн тус улс Ираны нутагт “урьдчилан сэргийлэх” зорилготой агаарын дайралт явуулж эхэлснийг зарласан юм.
Тэрбээр бас Ираны хариу цохилтоос урьдчилан сэргийлэхийн тулд улс орондоо онц байдал тогтоож буйг мэдэгджээ.
Үүнтэй зэрэгцэн Тегеран хотод дэлбэрэлтүүд болж, тэнгэрт утаа суунаглаж эхэлснийг Ираны төрийн хэвлэлүүд мэдээлж байна.
Өчигдөр буюу Баасан гарагт Трамп одоогоор Иранд довтлох эцсийн шийдвэр гараагүй байгаа ч тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой яриа хэлэлцээний үр дүнд “сэтгэл хангалуун бус” байгаагаа хэлж байв.
Энэ долоо хоногийн эхээр хоёр улсын төлөөлөгчид Швейцарын Женев хотод уулзсан юм.
Өөрийн эзэмшлийн Truth Social хуудсандаа нийтэлсэн найман минутын урттай видео мэдэгдэлд Трамп “Бид яриа хэлэлцээний ширээнд суулгахыг удаа дараа оролдож байсан. Бид хичээсэн. Одоо бид тэдний пуужинг устгаж, пуужингийн үйлдвэрлэлийг нь газартай тэгшлэх болно. Үүнийг бүрэн устгах болно” гэж хэлжээ.
Иран улсыг цөмийн зэвсэг бүтээхээр ажиллаж байгаа гэж АНУ-ын засаг захиргаа сэжиглэж, үүнээс зайлсхийх гэрээ байгуулахыг шаардаж байсан юм. Ингээгүй тохиолдолд хүч хэрэглэхээ ч анхааруулж байв.
Харин Тегераны эрх баригчид цөмийн хөтөлбөрөө зэвсэг бүтээх зорилгогүй, энхийн зориулалттайг олон удаа мэдэгдэж байлаа.
Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп уг зөрчил бүс нутгийн хэмжээний дайнд хүргэх боломжтой эсэхийг асуухад “Аливаа дайны эрсдэл сайн муу хоёр талтай байдаг” гэж хариулжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

