Н.Учрал: Танилын нүүр халуун хэдий боловч Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна
Монгол Ардын нам /МАН/-ын Бага хурлын II хуралдаан эхэлж, намын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" сэдэвт улс төрийн илтгэл тавьжээ. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд намын гишүүнээс хасагдаж буй гишүүдийн нэрийг хэлсэн байна.
МАН-ын дарга Н.Учрал "Танилын нүүр халуун хэдий боловч та бидний эх орон, иргэн бүрийн булаагдсан ирээдүй, эрх чөлөө илүү хайран байна. Хүн чанар, ёс жудгаа авлигачдад гаргах уу, ард түмэндээ зориулах уу гэдэг сонголтын өмнө бид ирлээ. Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.
- МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. МАН-ын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,
- Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,
- Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
