Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нийтэд үлгэрлэх зорилгоор хувийн орон сууцаа зах зээлийн үнээс хямд зарахаар болжээ
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээ авч эхлээд байгаа.
Тэрбээр энэ хүсэл эрмэлзлээ олон нийтэд харуулахын тулд өөрийн хувийн орон сууцыг зах зээлийн үнээс хямд зарахаар болсныг тамгын газар нь өчигдөр мэдээлжээ.
Сөүлээс өмнө зүгт оршдог Соннам хотод тэр тэргүүн хатагтай Ким Хэ Кюний хамт эзэмшдэг орон сууцтай юм байна.
“Ерөнхийлөгч өөрийн эзэмшлийн орон сууцаа зарахаар болсон нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах түүний үүрэг амлалтыг олон нийтэд харуулах зорилготой юм” гэж ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Кан Юү Жүн мэдэгджээ.
И Жэ Мюний засгийн газар олон орон сууц эзэмшигчдэд үл хөдлөх хөрөнгөө зарах татварын өршөөлийн хугацааг зарласан нь тавдугаар сард дуусахаар байгаа. Энэ хугацаа дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн татвар эрс нэмэгдэх юм.
Ерөнхийлөгч одоо Сөүлийн төвийн Ханнам-дон дахь албан өргөөнд түр амьдардаг бөгөөд Чон Ва Дэ дахь Хөх ордны засварыг дуусахаар нүүж орно.
И Жэ Мюний гэр бүл 1998 онд Соннам хотын 164 метр квадрат талбайтай орон сууцыг 360 сая воноор ($250,000) худалдан авч байжээ.
Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөх хүртлээ тэнд амьдарч байсан юм.
Ерөнхийлөгч уг орон сууцаа 2.9 тэрбум воноор зарах юм байна. Энэ нь одоогийн зах зээлийн жишиг ханш болох 3.1-3.2 тэрбум воноос бага юм.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба уг орон сууц одоо түрээслэгчтэй, түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр байгааг мэдээлжээ.
“Ерөнхийлөгч одоо орон сууцаа зарж, олсон мөнгөө бусад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах нь эдийн засгийн хувьд илүү ашигтай гэж үзсэн бололтой. Тэрбээр байраа одоо зараад үнэ ханш тогтворжсоны дараа тэтгэвэрт гарахдаа амьдрах амины орон сууц худалдаж авах тухай туслахууддаа ярьсан байна” гэж нэрээ нууцалсан албаны хүн ярьсан байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар албан тушаалаасаа буусны дараа нийтийн орон сууцанд биш, амины орон сууцанд амьдардаг нь хуулийн дагуу 15 жилийн турш төрийн тусгай хамгаалалтад байдагтай нь холбоотой. Амины орон сууц нь хамгаалалтын ажилтнуудыг багтаах нэмэлт орон зайтай байх ёстой.
И Жэ Мюн уг орон сууцанд залуу насаа өнгөрөөж, хүүхдүүдээ өсгөсөн тухайгаа хожим сошиал хуудсандаа бичжээ.
Ийм түүхтэй байраа зарах болсон нь төрийн өндөр албан тушаалтны хүлээсэн үүрэг хариуцлагатай холбоотой болохыг тэр тайлбарласан байна.
“Энэ бол миний хувьд санхүүгийн үнэ цэнээсээ хэд дахин өндөр ач холбогдолтой орон сууц. Гэхдээ би үл хөдлөх хөрөнгийн бодлогыг барьж буй хүнийхээ хувьд хариуцлагаа бүрэн хүлээхийн тулд зарж байгаа юм” гэж тэр бичжээ.
Ингэхдээ тэр уг байрыг зарсны дараа гар дээр ирэх мөнгө нь 2.5 тэрбум вон байх тухай тооцоолсон хэвлэлийн мэдээний холбоосыг дагагчидтайгаа хуваалцсан байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

