Өмнөд Солонгосын засгийн газар Google компанид газрын зургийн нарийвчилсан мэдээллээ өгөх нь тодорхой болжээ
Өмнөд Солонгосын засгийн газар Google компанид газрын зургийн нарийвчилсан мэдээллээ өгөх нь бараг тодорхой болсныг салбарын эх сурвалж Пүрэв гарагт мэдээлжээ.
Өнөөдөр буюу Баасан гарагт болох яамд хоорондын уулзалтаар АНУ-ын технологийн аварга компанид 1:5,000 масштабтай дижитал газрын зургийн өгөгдлийг шилжүүлэх шийдвэр гарах юм байна.
“Энэ бол олон хүчин зүйлийг харгалзан үзэх эмзэг асуудал тул эцсийн шийдвэр гараагүй байгаа. Гэхдээ одоогоор саналыг эсэргүүцсэн яам агентлаг нэг ч гараагүй байна” гэж засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.
Google компани 2025 оны хоёрдугаар сард 1:5,000 масштабтай дижитал газрын зургийн өгөгдлийн экспортын зөвшөөрөл авахаар Өмнөд Солонгосын засгийн газарт хандсан юм байна.
Энэ сарын эхээр тус компани шаардлагатай нэмэлт материалыг ирүүлжээ.
Асуудлын гол нь Google компани ийм өгөгдлийг Maps үйлчилгээнд ашиглахдаа Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт дата төв нээх эсэхэд байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр Google ийм дата төв байгуулах төлөвлөгөө ирүүлсэн гэнэ.
Одоогоор Google компани Өмнөд Солонгосын зах зээлд 1:25,000 масштабтай газрын зургийн үйлчилгээ үзүүлдэг. АНУ-ын засаг захиргаа өмнө нь Өмнөд Солонгосын өндөр нарийвчлалтай газрын зургийн экспортод тавьсан хоригийг шүүмжилж, үүнийг хоёр улсын худалдаанд байдаг үнэ тарифын бус саад тотгор гэж тодорхойлж байв.
Google компани 2007, 2016 онуудад ижил хүсэлт гаргаж байсан ч Умард Солонгостой дайны байдалд байдаг Өмнөд Солонгосын засгийн газар цэргийн бааз болон бусад чухал байгууламжуудын мэдээлэл ил болж магадгүй гэх мэт үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар татгалзаж байжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
