"Гуравдугаар сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжилж, салхи, шуурганы давтамж их байх төлөвтэй"

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны гуравдугаар сарын эхээр Монгол орны баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2–3нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна. Агаарын дундаж температур зүүн аймгуудын хойд хэсгээр Олон Жилийн Дунджаас(ОЖД) хүйтэн, баруун болон говийн аймгуудын нутгаар ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.

Хур тунадас төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр ОЖД-аас ахиу байх бол баруун болон говийн аймгуудын нутгаар ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Энэ сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг Цаг уурын байгууллагаас зөвлөлөө.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулснаар олон жилийн дунджаар агаарын температур Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -14-18 градус, Алтай, Өвөр говь болон говийн бүс нутгаар 0-6 градус, бусад нутгаар -6-14 градус хүйтэн байдаг. 

Хур тунадасны хувьд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 4-6мм, бусад нутгаар 0-4мм хур тунадас ордог байна.

"Ирэх гуравдугаар сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Завханы баруун хэсэг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан байх бол Төв аймгийн зүүн хойд хэсэг, Дорнод, Хэнтийн ихэнх хэсэг, Сүхбаатар аймгийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар ОЖД-ын орчим байх төлөвтэй байна.

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Увсын баруун хэсэг, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймгийн өмнөд хэсгээр хур тунадас ОЖД-аас бага, Хөвсгөлийн зүүн хэсэг, Булганы ихэнх нутаг, Сэлэнгэ, Дорнод, Төв, Хэнтийн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар олон жилийн дунжийн орчим хур тунадас орно.

Сарын эхээр баруун аймгуудын хойд хэсгээр, гуравдугаар сарын 23-наас Төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй байна.

Гуравдугаар сарын хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байна.

Сарын эхээр Төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Цаашдаа хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үед ихэнх нутгаар хур тунадас орно.

Гуравдугаар сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжилж, салхи, шуурганы давтамж их байх төлөвтэй байна.

Түүнчлэн огцом дулааралтаас шалтгаалж ой, хээрийн түймэр гарах, шар усны үер буух магадлалтай тул сэрэмжтэй байхыг ард иргэдэд анхааруулж байна" гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.