Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс Бяраагийн Чимидийн нэрэмжит 2026 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ж.Эрхэсхулан нарын туурвисан “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” бүтээлд хүртээсэн байна.
Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа "Бяраагийн Чимид гэдэг хүнтэй би 1968 онд танилцаж Улсын дээд шүүхийн дэргэдэх Хууль зүйн сургуульд сурч байхдаа гялалзсан сайхан залуу багшаар захиргааны эрхзүй заалган толгой маань сэнхэрч байсан үе тодхон санагдаж байна.
Энэ ном бол эрүүгийн процессын хууль нь шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа хэрэгцээ шаардлагыг хангахын тулд богино хугацаанд бэлтгэгдсэн бакалаврын түвшний доод хязгаар юм. Дэлхийн эрхзүйн жишиглэл, хэв хэлбэрүүд түүн дотроо процессын эрхзүйн хөгжлийн чиг хандлагуудыг хүртэл мэдэж, олон сайхан санаа хэлж өгч онол аргазүйн хувьд гологдохгүй бүтээл гаргаж чадсандаа баяртай байна.
Сургууль төгссөн хүн доод хязгаар нь ийм зэргийн мэдлэгтэй явахад далайн эрхзүйн системд ч гологдохгүй, эх газрын эрхзүйн системд орсон ч гологдохгүй болгож бэлтгэхийн төлөө дараа дараагийн ажлуудаа хийх болно.
Бүтээлийг минь үнэлж баярлуулсан явдалд их урамтай байна. Нас нэмэх шиг боллоо. Энэ урам зоригоороо улсынхаа төлөө зүтгэх болно.
Ташрамд хэлэхэд их сургуулийн багш нар хууль, эрх зүй заадаг. Эрхзүйн онолд шүүмжлэлтэй хандахыг заадаг багш нар байдаг гэсэн шүүмжлэл байдаг. Аль алийг нь заах ёстой юм шүү. Хуулийг биелүүлэх, мэдэх, эрхзүйг ойлгох, мэдрүүлэх, сурталчлах түвшинд бэлтгэгдсэн байвал зүгээр. Иймд их олон талтай байж аль талыг нь мэддэг байгаасай. Хуулийн хэрэглээний түвшинд элдэв дайралт гомдол гаргалгүйгээр ажиллаасай гэж үргэлж бодож явдаг юм шүү" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!