Уншиж байна ...

Венесуэлийн сөрөг хүчний удирдагчийг Трамп хүлээн авч уулзахаар болсныг Цагаан ордон батлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

2025 оны Нобелийн энх тайвны шагналтан, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадог ерөнхийлөгч Дональд Трамп энэ Пүрэв гарагт хүлээн авч уулзахаар болсныг Цагаан ордон өчигдөр мэдээлжээ.

АНУ-ын тусгай хүчнийхэн Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилснаас хойш бараг хоёр долоо хоногийн дараа энэхүү уулзалт болох гэж байна.

2024 оны Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд Мадуро биш Мачадо ялсан гэж Өрнөдийн орнууд үздэг ч Трампын хувьд түүнийг төдийлөн дэмжихгүй байгаа.

Мачадогийн оронд Трампын засаг захиргаа Венесуэлийн дэд ерөнхийлөгч Дэлси Родригесийг дэмжиж байна.

Өнгөрсөн долоо хоногт Мачадо өөрийн Нобелийн шагналыг АНУ-ын ерөнхийлөгчид шилжүүлж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Трамп ингэвэл ”нэр хүндийн хэрэг байх болно” гэж мэдэгдсэн ч Норвегийн Нобелийн Хороо шагналыг нь бусдад шилжүүлэх боломжгүйг анхааруулж байв.

Трамп өмнө нь Мачадо уг шагналыг хүртэхэд дургүй байгаагаа илэрхийлж байсан юм.

Тэрбээр өөрийгөө дэлхий даяар олон дайн мөргөлдөөнийг дуусгахад чухал үүрэг гүйцэтгэсэн тул Нобелийн энх тайвны шагналыг хүртэх ёстой хүн гэж үздэг.

Мачадогийн шагналыг хүлээж авбал Венесуэлийн удирдлагын талаар байр суурь нь өөрчлөгдөх эсэхийг Баасан гарагт сэтгүүлчид Трампаас асуусан юм.

“Тэр ямар нэг байдлаар оролцож болох юм. Би түүнтэй эхлээд ярилцах хэрэгтэй. Тэр уулзахыг хүсэж байгаа нь маш сайн хэрэг. Шалтгааныг нь би ойлгож байна” гэж Трамп энэ асуултад хариулжээ.

Мадурог баривчлах ажиллагааны дараа Трамп “улс орныхоо дотоодод дэмжлэггүй, нэр хүндгүй” гэж Мачадог шүүмжилж байв.

“Тэр маш сайхан эмэгтэй, гэхдээ олны хүндэтгэлийг хүлээгээгүй” гэж тэр тухайн үед хэлж байжээ.

Харин Мадурогийн дэд ерөнхийлөгч асан, одоо ерөнхийлөгчийг түр орлож буй Дэлси Родригесыг тэр АНУ-ын зүгээс ямар ч гэмт хэрэгт буруутгагдаагүй “нэр цэвэр хүн” гэж магтаж байв.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Дэлси Родригес болон түүний баг АНУ-тай маш сайн хамтран ажиллаж байгаа” гэж мэдэгдэж байлаа.

Гэвч Мачадо өөрийнх нь тэргүүлдэг сөрөг хүчний эвсэл Венесуэлийг удирдах ёстой гэсэн байр суурьтай хэвээр байгаа.

Тэрбээр саяхан CBS телевизээр ярихдаа Дэлси Родригесыг “гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдэг системийн гол архитекторуудын нэг байсан” хэмээн муулжээ.

“Венесуэлд болон гадаадад байгаа бүгд түүний хэн болохыг, юу хийж байсныг сайн мэддэг” гэж Мачадо энэ үеэр хэлсэн юм.

Мадурог баривчлах ажиллагааг Мачадо улс орон нь ардчилсан замаар хөгжиж эхлэхэд гарсан том алхам гэж үнэлж байгаа.

Харин Родригесийн хувьд Венесуэлийг одоо АНУ удирдаж байгаа гэх Трампын мэдэгдлийг няцаасан юм.

“Венесуэлийн засгийн газраас өөр хэн ч энэ улсыг удирдаагүй. Гадаадын ямар нэг төлөөлөгч Венесуэлийг удирдан чиглүүлэхгүй байгаа” гэж тэр телевизээр мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: BBC