Испанийн "Реал Мадрид" клуб дасгалжуулагч Хави Алонсотой байгуулсан гэрээгээ цуцалснаа мэдэгдлээ.
Эзэн хааны клуб Испанийн Супер цомын тэмцээний шигшээд гол өрсөлдөгч "Барселона"-д 3:2-оор хожигдсоноос нэг өдрийн дараа ийм шийдвэр гаргасан байна.
Даваа гарагт клубийн зүгээс гаргасан албан мэдэгдэлдээ "Түүний хийсэн зүйлд багийн үнэнч хөгжөөн дэмжигчид үргэлж талархаж байх болно" гэдгийг тодотгоод хоёрдугаар багийн дасгалжуулагч Алваро Арбелоа дараагийн дасгалжуулагчийг олох хүртэл нэгдүгээр багийг удирдах болсныг зарлажээ.
Ингэснээр Хави Алонсогийн "Реал Мадрид" дахь дасгалжуулагчийн замнал ердөө долоон сар үргэлжилсэн юм.
Испанийн Толосад мэндэлсэн 44 настай эр "Реал Мадрид"-ын төлөө 2009 - 2014 оны хооронд 158 тоглолтод оролцсон билээ. Дасгалжуулагчийн замнал хөөгөөд Германы "Байер Леверкузен"-ыг гурван жил удирдахдаа лигийн аварга, цомын тэмцээнд түрүүлсэн юм.
Улмаар өнгөрсөн оны тавдугаар сард Испанийн клубт гурван жилийн хугацаатай ажиллахаар гэрээ байгуулсан ч сүүлийн үеийн тааруу тоглолт, багийн гол тоглогч нартай хувийн харилцаа тааруу зэрэг шалтгаанаар хугацаанаасаа өмнө ажлаа өгөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!