Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксожсон хөх нүүрсийг импортоор авч айл өрхүүдийн дулааны хэрэгцээг хангаснаар нийслэл хотын утаа мэдэгдэхүйц багассан хэмээн албаны хүмүүс хэлж буй.
Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлж байгаа гэгдээд буй хагас коксожсон хөх нүүрсийг БНХАУ-ын Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэх ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН хариуцаж байгаа бөгөөд өнгөрсөн оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийтдээ 95 галт тэрэг буюу 4,620 вагон 219 мянган тонн хөх нүүрсийг тээвэрлэж иргэдийн хэрэгцээнд нийлүүлээд байна.
Энэ өвөл нийтдээ БНХАУ-аас 306 мянган тонн хөх нүүрс импортоор авч тээвэрлэхээс 87 мянган тонныг тээвэрлэх үлдээд байгаа аж.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь нийслэл болон томоохон хотуудын эрчим хүч, дулааны хэрэгцээг хангахад шаардлагатай дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг бүрдүүлэхийн тулд 24 цагийн туршид тээвэрлэлтийг зохион байгуулдаг.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцууд өвлийн ид ачааллын үед 10-22 хоног тасралтгүй ажиллах нүүрсний нөөцийг Багануур, Шивээ овоо, Шарын голын уурхайгаас тээвэрлээд байна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!