Уншиж байна ...

Ч.Очирбат: "Сүрээр дарагч" хэмээх гал морин жил их буянтай байх болно. Ажил үйлс бүтэж, амгалан жаргалан дэлгэрнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Билгийн тооллын 17 дугаар жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н 2026 оны хоёрдугаар сарын 18-ны Лхагва гарагт тохионо.

Үүнтэй холбогдуулан айлчлан ирж буй гал морин жилийн талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ярилцлаа.


- Гал морин жилийн "Сүрээр дарагч" хэмээх ёгт нэр ямар утгыг илэрхийлж байгаа вэ? 

- Ёгт нэрийг гадаад хэлбэр, гарал үүсэл, өнгө дүрс, чанар, үр дагавраар нь нэрлэдэг. "Сүрээр дарагч" гэдэг бол далд утгатай нэр юм.

Ган зудгүй, өлсгөлөн үгүй, амар амгалантай жил болохыг хэлж буй хэрэг. Тэгэхээр гал морин жилийн хувьд маш сайхан жил гарч байгаа. Хууль засгийн хувьд жаахан чанга байж, юм цэгцрэх шинжтэй байна.

Шороон үхрийн зурлагаар шинжилбэл ГАЛ МОРИН жил ямар байх төлөв ажиглагдаж байна вэ? 

Ерөнхийдөө гал морин жил их буянтай жил байх болно. Буянтай гэдэг нь их сайн жил гэсэн үг. Хувь хүн өөрийнхөө эрүүл мэнд, засал номыг анхаараад явбал бүх зүйл дэлгэрсэн сайхан жил байна.

Энэ жилийн хувьд улаан голцуу өнгөөр тодорхойлогдсон үхрийн зураг гарсан. Улирал бүрийн эхээр салхи шуургатай, бага зэрэг гантай байна. Жилийн дундуур нэлээд гантай, халуунаас гардаг өвчин дэлгэрэх маягтай зурлага гарсан. Дээрээс нь мал сүрэгт маш сайн жил болно.

  • Шороон үхэр нь: Толгой нь улаан, хөх ходоодтой, бие нь улаан, эвэр сүүл чих нь шар, омруу шар, дөрвөн шийр цагаан, дөрвөн туурай шар, амаа ангайн, сүүлээ зүүн тийш шарвасан байна.
  • Үхэр хариулаач нь: Улаан дээлтэй, цагаан царайтай, хөх бүстэй, толгой дээрээ үсээ овойлгож боогоод хоёр гутлаа барьсан идэр залуу хүн үхрийнхээ өмнө унгасан шилбүүр барин яаран гүйж явна.
зураг
 

Үхэр хариулаач хүү унгасан шилбүүр бариад явж байгаа, тэгэхээр ажил үйлс дэлгэрсэн, үйлс бүтэмжтэй сайн жил байна. Үсээ дээрээ боочихсон эрэгтэй залуу хүн үхрийнхээ урд гүйж яваа нь амгалан жаргалан дэлгэрэхийн шинж билээ. 

Шороон үхрийн өнгө, үхэр хариулаач хүү үхрийнхээ урд явж байгаа нь сайхан жил гарахын төлөв юм. 

"Хааны цааз жаахан чангарах шинж байгаа ба төр засгийн талаас аливаа үйл цэгцрэх шинж буусан"

“Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилд эдийн засаг хүндэрсэн, улс төр бужигнасан үйл явдал их боллоо. Тэгвэл гал морин жил ямар байх вэ? 

Могой жил хоёр хар мэнгэтэй жил байсан. Юм жаахан татранг, эдийн засаг буурай байлаа. Гал морин жилд аливаа зүйл дэлгэрнэ. Ажил эхлүүлж буй хүмүүсийн үйлс бүтэмжтэй байна. Үхэл хагацал, дайн самуун багатай байх шинж гарлаа.

Идэр залууст амгалантай, нялхаст дунд зэрэг, хөгшид биеэ энхрийлүүштэй. Хүний хувьд амгалан тайван жил байна. Шороон үхрийн омруу бага зэрэг шар байгаа нь ургамал ногоо дэлгэрэхийн шинж юм. Мөн хааны цааз жаахан чангарах шинж байгаа ба төр засгийн талаас аливаа үйл цэгцрэх шинж буусан.

- Энэ жилийн онцлох засал номын талаар мэдээлэл хуваалцана уу? 

- Шинийн 15-ны дотор засал номоо хийлгүүлж, буян их үйлдвэл түм бумаар арвижна. Энэ жил хулгана жилтэй хүн их харшийн, тахиа туулай жил хүмүүс бага харшийн засал хийлгэх ёстой. Жил нь орж байгаа хүмүүс заслаа хийлгүүлэх хэрэгтэй.

13-ны жил бол зовлон жаргал тэнцдэг гэдэг. 13-ны жил орж байгаа хүүхдийн бие өвдөх магадлал гардаг учраас засал номоо сайн уншуулах нь зүйтэй. 

Ер нь жил орсон хүмүүс Үхээрийн үйл хийгээд найр хурим тэргүүтнийг цээрлэ. Очих бол, цээр гаргаж зүгийг чухалчил. Эр хүн жилээ "Угтахдаа ширүүн” хэмээх учир “Угтаж" гүрэм хийлгэ. Эм хүн жилээ "Дагахдаа ширүүн" хэмээх тул жилийн "Хойно" засалд шамдах нь чухал.

зураг
 

Жил орж байгаа хүмүүсийн тухайд: 

  • 13, 73-ны жил нь "Хүү махбодтой" жил гэдэг ба бие махбод хямрах гэм байх тул Нанжид, Банзрагч, Лхамын ганшиг, Жадамба уншуулж засагдана.
  • 25, 85-ны жил нь “Нөхөр махбодтой" жил гэх ба жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох магадтай учир Доржнамжим, Цэнд, Доржнамжимын жавтий үйлдвэл сайн.
  • 37, 97-ны жил нь "Дайсан махбодтой" жил гэдэг ба өвдөх хийгээд гарз гарч болзошгүй тул Улаан юм, Цэгмидийн чого, Лусын дором үйлд.
  • 49-ний жил нь "Эх махбодтой" жил гэдэг ба хийморь доройтох гэм байх тул Нити зэрэг гүрмийг сайн үйлд.
  • 61-ний жил нь "Төрсөн жилтэй адил махбодтой" жил гэх ба шуламсын хорлол гарах тул Ширнэн уншуулж Сац, Цэнд тэргүүтэн гүрмийг сайтар үйлд.