Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26 буюу Бүгд найрамдах улсаа тунхагласан өдрөөр ижил зорилготой нөхдөөрөө бас өөрөөрөө ихэд бахархсан, бахадсан тухайгаа энд тэмдэглэж үлдээх гэсэн юм. Учир нь энэ өдрийн өмнөх орой нь Үндсэн Хуулийн Цэц(ҮХЦ)-ээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан түүхэн шийдвэр гарсан юм. Үүний нэг гэрч оролцогч болсны хувьд ийн хөөрсөн хэрэг.
Эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэх үгсийг нэгнээс нь салгаж ойлгох ямар ч боломжгүйг бид мэднэ. Нэгэн бүхэл болон хөгжлийг өөрийнхөөрөө урагшлуулдаг энэ гайхамшигт “үгс”-ийн нэг нь л бүдгэрэхэд бид барьц алддаг шүү дээ. Дэмий харуусаад суухгүй өөрийн гараар өнгөлж, тордоно гэдэг өөрөө ямар амттайг өөрийн биеэр мэдэрсэн өдрүүдийн талаар хүүрнэх гээд нуршаад байгаа хэрэг. Нийгмийн хамтын үнэ цэнийг хайрлаж хамгаална гэдэг иргэн хүний хувьд хамгийн дээд үүрэг, утга учир билээ.
2024 оны нэгэн өдөр нийгмийн төлөө бие сэтгэлээ чилээж явдаг сэтгүүлч Э.Энэрэл эгчтэйгээ хамтран ҮХЦ-д мэдээлэл гаргасан юм.
Монгол Улсын иргэн Э.Энэрэл, Б.Анхзаяа нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:
“2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуульд нэмэлтээр “13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах” гэсэн зүйлийг оруулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангадаг сэтгүүлч болон нийгмийн идэвхтнүүд, цахим хэрэглэгчид эрүүгийн гэмт хэрэгтэнд тооцогдохоос болгоомжлон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс татгалзахад хүргэж, улмаар Монгол Улсын ардчилалд сөргөөр нөлөөлөх үр дагавартай юм. Иймд Эрүүгийн хуулийн Худал мэдээлэл тараах гэсэн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургаадугаар зүйлийн 16, 17 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байх тул хянан хэлэлцэж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2025 оны арваннэгдүгээр сарын 24-ний өглөө ҮХЦ-ийн байранд ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан мэдээлэл гаргасан иргэд, УИХ-ын төлөөлөл, ажиглагчид гээд цөөнгүй хүнтэй эхлэв. Энэ сүр хүчтэй барилгын үүдээр анх хөл тавьсан миний хувьд бүх юм шинэ бас сүрдэм байлаа. Цэцийн гишүүдийн төрх, хуралдааны дэг, процесс гээд бүгд бишрэм, хүндлэл төрүүлэм. Энэ бүхнээс хамгийн их бахархал төрүүлсэн зүйл бол мэдээлэл гаргасан Монгол Улсын иргэн сэтгүүлч, хуульч нар байсан юм. УИХ-ын биет төлөөлөгч, хуульч, Хууль зүйн сайдтай тэд хуулийн хэлээр мэтгэлцэж, бүх цаг, хөдөлмөр, сурсан мэдсэнээ зориулж байхыг л харах хамгийн хүндлэм байв. Тэдний хэлэх үг бүрийг улс даяар шууд дамжуулж, сэтгүүлчид, үг хэлэх эрх чөлөөг өнгөлдөг хариуцлагатай иргэн бүр чих тавин хүлээж байлаа. Үнэндээ энгийн иргэн хүнийхээ хувьд их түүх бүтээж байгаагаа ч мэдээгүй л сууж байгаа хүмүүс шүү дээ. Итгэл үнэмшлийнхээ төлөө тал талаас нэгдэн суусан улс.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь зөвхөн сэтгүүлчдэд хамаатай зүйл биш юм. Өөрийн сошиал сувгаараа та нийтийн эрх ашгийг хөндөж асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрүүгийн хэргээр цагдаад дуудагдах эрсдэлтэй. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт 2020-2024 оны эхний хагаст нийт 2,260 хэрэг бүртгэл үүсжээ. Гэхдээ хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр 45 шийдвэр л байна. Мэдээж хамгийн их гомдомхой нь улстөрчид. Өөрөөр хэлбэл энэ хуулийн заалт шууд утгаараа үзэл бодлоо илэрхийлсэн хүн болгоны зоригийг мохоох, айлгах, залхаан цээрлүүлэх хэрэгсэл-зэвсэг болоод байв. Та нийтийн албан тушаалтныг шүүмжлээд, үзэл бодлоо илэрхийлээд цагдаад удаа дараа дуудагдаж, мэдүүлэг өгнө. Гэхдээ эцэст нь гэм буруугүй гэгдэнэ. Иргэний зоригтой хэн байсан ч үүнтэй олон удаа нүүр тулахыг хүснэ гэж үү. Ингээд нэгэн дуу хоолой бүдгэрнэ. Нэг нь нэжгээд болж нийтээрээ дуугүй байх сонголтыг хүссэн хүсээгүй хийнэ.
Энэ хэрэгт мэдээж нийтийн эрх ашгийг хөндсөн асуудалд нийгмийн анхаарлын хандуулдаг сэтгүүлч хамгийн ихээр өртөж, хохирч байгаа юм. Муу сайнаараа хэлэгддэг ч сэтгүүлчид таны мэдэх эрхийн төлөө ажиллаж, та үр дүнд нь муу сайныг ялгах мэдээлэл, мэдлэгийг олж авдаг юм шүү дээ. Ингээд харвал ҮХЦ-д мэдээлэл гаргасан сэтгүүлч, хуульчид өөрсдийн эрхийн төлөө бус таны мэдэх эрх, өөрийнхөөрөө дүгнэлт хийх эрх чөлөөний тань төлөө тэмцсэн гэхэд болно.
ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны дүгнэлт нэг ёсондоо бидний таны талд гарч Эрүүгийн хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн сайхан мэдээтэй Тусгаар тогтнолын өдрөө “нүсэр” тэмдэглэсэн юм. Удаагүй Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсэн өдрөө тэмдэглэснээс хэдхэн өдрийн дараахан ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцсэн нэгдсэн Чуулганы хуралдаан болсныг санаж байна. Ёстой сонгосон гишүүдээ тос усаар нь ялгаж харах шиг л болсон гэхэд болно. Таны төлөөлөл таны үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө байсан уу? эсрэг байсан уу гэдгийг та ЭНД-ээс үзээд дүгнэлт хийчихэд илүүдэхгүй.
Ямартаа УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авснаар Эрүүгийн хуулийн уг заалтууд хүчингүй болж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил албан ёсоор эхэлсэн. Ингээд харвал үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний төлөөх тэмцэл дуусаагүй байгаа биз. Угтаа хэзээ ч дуусахгүй үргэлжлэх процесс юм билээ. Хууль тогтоогчид буюу таны төлөөлөл энэ хуулийн төсөлд ямар байр суурьтай байх нь таны дараагийн сонгуулиар барих гол баримт, шалгуур гэдгийг хэлэх илүүц биз. Угтаа таны үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалж байгаа улстөрч бол жинхэнэ нийтийн албан тушаалтан, төлөөлөл юм. Та түүнийг дэмжихдээ эргэлзэх хэрэггүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!