Индэр    
2025 оны 10 сарын 16
Зураг
Сэтгүүлч, улс төр судлалын магистр

Нүүрс МАН-ыг тэжээж бас тарааж чадна

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Анхны цас орж өвөл айсуйг сануулахад Сүхбаатарын талбайн хойморт байрлах саарал ордон дотор өвөлтэй манатай бужигнаж байна.

Хөдөөд зуд нүүрлэх нь бараг тодорхой, хот хөлдөх үү, цахилгаантай байх уу гэдэг нь бүрхэг. Багш, эмч нар нь цалингаа нэмүүлэх гээд ажлаа хаяад талбай дээр гарчихсан, улсын төсвөө ид ярилцаж баталж байхын оронд хэлэлцүүлгээ ч хийж чадахгүй болтлоо засаглалын хямралд орчихлоо. МАН-ын даргын сонгуульт өдрөөс эхэлсэн энэ хямрал хаа хүрч дуусахыг хэлэхэд бэрх. Хэмжээ хязгаараа давчхаад одоо хаа хүрэхээ ч мэдэхгүй дайтаж сууна. Уг нь намаа бодно гээд хэлэлцээрийн ширээний ард хэдэнтээ суусан ч тохирч чадахгүй салцгаасаар энд ирэв. Хатуу үнэн нь гэвэл ийм хямралд ялагч гэж байхгүй нийтээрээ л хохирч үлддэг нь бичигдээгүй хууль юм даа.

МАН-ын зовлон төрийн, Монголын зовлон боллоо үүнийгээ тэр цагаан байшин дотроо шийд гэж ярих хүмүүс олон харагдана. Гэхдээ зугтаж чадахгүй үнэн бол эрх баригч намын асуудал хүссэн ч, эс хүссэн ч бидний, Монголын зовлон юм. Засгийн эрхэд гарах аль ч нам цэвэр тунгалаг байхгүй л бол төр төвшин байх тухайтад горьдох ч хэрэггүй. Эхлээд намыг эрүүлжүүлэх нь чухал гэдгийг хатуу ухамсарламаар байна, монголчуудаа!

МАН-ын зовлон хаанаас эхлэв ээ?

Монголын хамгийн том аз, бурхнаас заяасан өгөгдөл бол байгалийн баялаг тэр дундаа НҮҮРС. Түүнийг захиран зарцуулах эрх мэдэл нь мэдээж эрх баригч намд бий. Нүүрснээс олсон асар их мөнгө, төрийн өмчит компаниудын хяналтгүй хөрөнгө МАН-ын зовлон болчихсон. Ингээд эрх баригч намын зовлон парламентын үйл ажиллагааг доголдуулж, Үндсэн хуулийн ч асуудал дээрээ тулж энэ бүх асуудал тартагтаа тулаад байгаа хэрэг. Товчхондоо бол нүүрс МАН-ыг тэжээж бас тарааж чадах хүчтэй аж.

Үүнийг шийдэх гарц бий. Энэ бүх асуудал нүүрснээс нам руу орсон хяналтгүй, оффтейк гэрээн дор нуугдсан асар их мөнгөнөөс л эхлэлтэй. Эрх мэдэлтэй даргын гарын үсэг, хамаарал бүхий этгээдүүдээр дамжин хийгдсэн нүүрсний оффтейк гэрээнүүдэд Монголын, МАН-ын ч зовлон нуугдаж байна гэж УИХ-ын гишүүн Ж.Золжаргал голыг нь олоод хэлнэ лээ.

Ер нь намыг энэ нүүрс, ТӨК-үүдээс холдуулахгүй л бол энэ бүх хямрал тэмцэл дуусахгүй нь улам л тодорхой болж байна. Ямар ч нам гарсан МАН-ын зовлонг тойрч гарч чадахгүй. Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгоё өөр арга шийдэл бидэнд байхгүй.

Шинэчлэн батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн үндсэн зорилго нь улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгоход чиглэсэн. Ил тод байж бид хянаж чадна, хянаж чадвал бид сайжруулж чадна энэ бол энгийн логик. Гэтэл саяхан Ж.Алдаржавхлан гишүүн Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Нам зөвхөн нэг дансаар орлого олж, зарлага гаргаж байх нь тэр намын үйл ажиллагаа доголдоно гэж тэрээр үзжээ. Намын дэргэдэх байгууллагууд нь тус тусдаа данстай байж хяналтгүй явах нь зөв гэж үзсэн бололтой. Товчхондоо хулгайгаа ханцуйндаа нуугаад цааш явцгаая аа л гэнэ. Асуудлыг нь шийдэх гэж оруулсан Улс төрийн намын тухай хуульд заасан санхүүгийн хяналтын үзэл санаа хэрэгжиж ч амжаагүй байж дарагдах юм гэнэ ээ. Намаа эрүүлжүүлнэ гэхээсээ намаа ашиглаж юманд хүрэх гэсэн нөхдөөс болж 100 жилийн настай энэ нам чинь тарах бутрах дээрээ хүрчхээд байгаа юм биш үү. Гэвч үеийн үеийн ийм хүмүүс байсаар ирсэн. Улс төрд ороод гавьяа байгуулдаггүй юмаа гэхэд гай болохгүй байх нь хэрэгтэй ийм гишүүд байх юм аа.

Энэ улс төрийн талцал хуваагдлын аль нэг талд үйлчлэх нь зөвхөн өнөөдрөө аргацаасан л явдал. Дараагийн нам гарахад дахин нүүрсний хулгай гарна, оффтейк гэрээ хийгдэнэ бас л талцана хуваагдана. Энэ бүхэнд туйлдсан иргэд УИХ тар, нам хэрэггүй юм биш үү гэх дүгнэлтэд хүрнэ. Эцэст нь бид ардчилсан тогтолцоогоо алдаж ахиад засаж чадахгүй алдаа руу гулгана. Ардчилсан тогтолцоо, парламентаа аварч үлдэх ганц зам нь улс төрийн намыг сайжруулах. Намыг сайжруулах ганц л арга зам бий санхүүжилтийг нь ил тод болгож байж л энэ бүгд боломжтой. Нам, нам дахин нам...