Монголчууд үнэндээ өдөр шөнөгүй л улстөржиж байна. Хэвлэл мэдээлэл, сошиал платформоор зөвхөн улстөрчид л гарч, нэг ёсондоо Монголд саарал ордноос өөр амьдралгүй мэт л шуугьцгаадаг. Улс төрийн бүлэглэлүүдийн зодоон, тархи угаалтын шинжтэй контент, нэвтрүүлэг, тодорч оноо авахыг хичээсэн улс төрчдийн поп мэдэгдлүүд нийгмээ улам л талцуулсаар. Үнэндээ энэ мэт замбараагүй мэдээллийн шуурга дунд тэнцвэртэйгээр, зөв бурууг ялгах нь хувь хүнээс маш өндөр түвшний мэдрэмж, мэдлэг шаардах болсон.
Улс төрийн оролцооны хамгийн сонгодог хэлбэр бол сонгуульд саналаа өгөх. Хэвлэлийн хуудаснаас харвал үеийн үед залуусын сонгуулийн ирц буурч байгааг бэлхнээ харж болно. Монголд ч ганц энэ үзэгдэл бий болоод байгаа юм биш дэлхий дахинаа л залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэхээр хэрэндээ л хичээцгээж байна. Нэг ёсондоо Бүүмерс (Boomers) 1946-1964 онд төрсөн хүмүүс одоо цаг дэлхий дээр дийлэнх баялгийг эзэмшиж, эрх мэдлийг атгаж байна. Тэдний бүтээсэн тоглоомыг дүрэм, улс төрийн систем, улстөржилтийн хэв маяг таарахгүй, таалагдахгүй болохоор тэд өөрсдийн дүрмээ тулгаж, суулт зарлаад байгаа ч юм билүү хэн мэдлээ. Энэ мэт үзэл бодол, үнэт зүйлийн асар их ялгааг үл тоож зөвхөн залуусыг залхуу хойрго гэж буруутгаж ирсэн шүү дээ.
Монгол залуучуудын сонгуулийн ирц бусад улсуудтай харьцуулбал өндөр. 2016 оны тоог харвал Зүүн Азийн улсуудын залуус (18-25нас)-ын сонгуулийн ирц 40%-тай байхад Монгол залуус 50%-тай сонгуульд оролцжээ. Хөгжиж буй орнуудын залуусын улс төрийн оролцоо өндөр байдгийг The political potential of the digital generation 2024 судалгааны өгүүлэлд мөн дурдсан байна.
Залуучууд саналаа өгдөггүй тэргүүлэх шалтгааны нэг бол байнгын оршин суугаа хаяг дээрээ сонгууль өгөх шаардлага юм. Манай сонгууль (УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгууль) залуусын хичээл, ажилдаа төвлөрөх идэвхтэй үед болдог. Сонгууль өгөхийн тулд 200-1,000 км туулж, өндөр зардал гаргаж явахгүй нь мэдээж. Гэхдээ л энэ мэт саад бэрхшээлийг даван туулж монгол залуус маань хамгийн боломжтой өндөр ирцээрээ сонгуульд оролцдог байх нь. Сонгуулийг технологийн тусламжтайгаар, байршил үл хамаарч зохион байгуулж чадвал мэдээж хамгийн их идэвхтэй, хэрэглэж, оролцож чадах нь залуус. Ингээд харвал залуусыг сонгуульд өргөнөөр оролцуулах сонирхол манай улс төрчдөд төдийлөн байдаггүй бололтой. Ядаж л өөрсдийн сонгох эрхээ эдлэхийн тулд тэмц, шаард тэгээд л өөрсдийнхөө дүрмээ зохиож, өөрсдөө улс төрөө хий залуус минь.
Улс төр бол тийм ч уйтгартай, бохир заваан зүйл биш. Яагаад муу муухай нэртэй болчихсон бэ гэвэл чадамжтай, шинэлэг, боловсролтой чам шиг залуус нам, улс төрийн тойрогт орж ирээгүйд л байгаа юм шүү дээ. Бид гэр орноо муухай байна гээд зөнд ч орхидоггүй цэмцийтэл нь цэвэрлэдэг шигээ энэ улс орноо эмхэлж, цэгцлэх цаг болжээ залуус минь.
Улс төр бол сонирхолтой ертөнц. Зөвийг хийж бүтээх хүслийг тээгээд хийж үзүүлээд, өөрийн нэрээ түүхэнд тодоор мөнхлөх боломжтой нь хамгийн гайхалтай. Сайнаар эсвэл муугаар бичигдэх нь тэр хүний л асуудал. Энэ утгаараа хэн бүхний ч хийгээд байдаг зүйл биш юм.
Улс төр бол мэргэжил. Зөвхөн мэдрэмж, хүсэл эрмэлзлээр харанхуй хийдэг ч зүйл биш. Улс төрийн философи, онол, арга зүйн түвшинд нь суралцаж, жинхэнэ улс төрийг мэргэжил болгон төлөвшүүл залуус минь. Суралцаж болох мянга түмэн кэйс, багш нараасаа сурсан зүйлсээ өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалтай сүлэлдүүлж мэргэжлийн улс төрийг хий. Боловсролын гайхамшиг үүнд л оршдог. Өмнөд Солонгосын залуус үеийн үеийн хувьсгал хийж, өөрсдийн дүрмээ зохиож тэмцэж ирсэн учраас өнөөдөр тэд шударга нийгэмд амьдарч, дэлхийн чиг хандлагыг тодорхойлж байна. Боловсрол, үнэт зүйл хоёрын нийлбэр ийм л гайхалтай. Хүртэх ёстойгоо тэд хамгийн сайнаар хүртэж байгаа нь энэ.
Монголд улс төрчдийг бэлтгэдэг сургууль цөөхөн. Мэдээж МУИС-ийн Улс төр судлалын (УТОХНУС) сургууль бол үе үеийн улс төрчдийн зүг чигийг чиглүүлж ирсэн. Олон олон залуус ч энэ мэргэжлийн амтыг мэдэрч, шатаасай гэж би байнга хүсдэг. Хий дэмий хөөсөрсөн улс төрийг бус агуулгатай, чанартай улс төрийг хийх сууриа олоосой. Бүхэл бүтэн 60 жилийн түүх, туршлага, мэдлэгийн уул уурхайг улам арвижуул, үржүүл. 1,200 орчим төгсөгч Монголын улс төр хийгээд дэлхийн тавцанд гялалзаж байна. МУИС-ийн бүтээгдэхүүн гээд бардам алх. Миний хувьд оройтсон ч академик ертөнцийг амтыг мэдэрсэн энэ мэдрэмжээ удахгүй мэргэжлээ сонгох залууст дамжуулахыг хүсэж байна. Улс төрийг мэргэжил болгоорой залуус минь. Өөрийнхөөрөө хамгийн ихээр улстөржөөрэй та нар минь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!