Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 "илт худал мэдээлэл тараах" зүйл Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг өнөөдөр хэлэлцэж байна.
Мэдээлэл гаргагч иргэн Ж.Баттуулын өмгөөлөгч Д.Оросоо "Төр засагтайгаа иргэд үг хэлээрээ л харьцана. Эрх баригчийг шүүмжлээд Эрүүгийн хуулиар шалгагдаад байхаар Ардчилсан ёсны зарчим хэрэгжих боломжгүй болж байна.
Хувь хүн нийгмийнхээ үзэгдлийг хараад үзэл бодлоо илэрхийлэх бие даасан байдал Эрүүгийн хуулийн 13.14 зүйл ангиар үгүй болж бүх хүн хараат, айдастай болсон. Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нийгмийн бухимдлыг гаргаж өгдөг эрх чөлөө юм. Эрүүгийн зүйл ангиар бүгдийг нь баглаад байвал хүмүүс нэг л өдөр тэсэрнэ шүү дээ. Үг хэлэх эрх чөлөө байгаа тулдаа хүмүүс тайвширч байгаа юм.
Дан "Үзэл бодлоо илэрхийлэх" биш "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх" буюу "чөлөөтэй" гэх үг байгаа нь дарамт шахалт, зүй бус хязгаарлалтаас чөлөөтэй байна гэх санаа юм" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага уг хуулийн заалтад хамгийн их өртөж байгаа талаар "Эрүүгийн хуулийн 13.14 "илт худал мэдээлэл тараах" зүйл анги гарснаас хойш сэтгүүлзүйн ажил мэргэжил бүхэлдээ эрүүгийн эрхзүйн хяналтад байна. Мэдээлэл бол энэ ажлын үндсэн зүйл. Яг энэ чигээрээ үлдвэл сэтгүүлзүйн төгсгөл ирнэ гэсэн үг.
Энэ нь эрх баригч, шийдвэр гаргагч нарт л ашигтай байна. Сэтгүүлзүйн үйл ажиллагаа явуулаад тухайн мэдээлэл үнэн худал эсэхийг шүүх дээр мэтгэлцээний үндсэн дээр шийдэж байвал болно. Гэтэл эрх баригч шийдвэр гаргагчийн томилдог албан тушаалтан буюу Хууль зүйн сайдын харьяанд байдаг цагдаагийн байгууллагын алба хаагч мэдээллийн үнэн зөвийг нягтална гэдэгт л асуудал байна" гэв.
Эрүүгийн эрхзүйгээр шалгахаар сэтгүүлч мэдээлэгчээ заавал илчлэх шаардлага гарч байгаа нь цаанаа хэн мэдээлэл өгснийг олж мэдэх тогтоох зорилго байгаад байна. Иргэний эрхзүйгээр бол мэдээлэгчээ илчлэхгүйгээр өөрийгөө үнэн зөв мэдээлэл өгсөн гэдгийг нотлох боломжтой байдаг гэдгийг мэдээлэл гаргагч н.Сумъяабазар онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!