Уншиж байна ...

"Үзэл бодлоо илэрхийлээд маргааш нь халаасны хулгайчтай адилхан шалгагдаж байна. ЗГ-ын хэлснээр үнэн худлыг ялгах ямар ч боломжгүй"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 "илт худал мэдээлэл тараах" зүйл Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг өнөөдөр хэлэлцэж байна. 

Мэдээлэл гаргагч иргэн Ж.Баттуул "Эрүүгийн хуулийн 13.14 "илт худал мэдээлэл тараах" зүйл нь Үндсэн хуулийн 16.16,17-г зөрчсөн. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж заасан. Энэ эрхээ эдлэхээр худал мэдээлэл тараасан гэж Эрүүгийн хуулиар хорьж цагдаж байна. 

Жирийн иргэн жирийн иргэнийхээ алдар хүндэд халдаад байгаа асуудал байхгүй. Иргэд нь төрийн өндөр албан тушаалтан, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулдаг, улс төрд нөлөө бүхий этгээдийг шүүмжилж итгэл үнэмшлээрээ олон нийтийн сүлжээнд нийтэлж байгааг хорьж цагдан шалгаж байна" гэв. 

Мэдээлэл гаргагч иргэн Ж.Баттуулын өмгөөлөгч Д.Оросоо "Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд нь үндсэн эрхэд тодорхой хязгаарлалт тогтоохдоо тохирсон байх ёстой. Мөн  хууль ёсны зорилгод хүрэх зайлшгүй шаардлагатай, тэнцвэртэй, уялдаатай байх шаардлагыг хангах ёстой ч Эрүүгийн хуулийн 13.14 "илт худал мэдээлэл тараах" зүйл энэ шаардлагуудыг хангаж чадаагүй буюу тэнцвэрийг алдагдуулсан.

Үг хэлэх "үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх" болон "худал мэдээлэл гүтгэлэг"-ийн асуудалд нь хоёулаа үндсэн хуулиар хамгаалагдсан. Хоорондоо огт харшилдаггүй. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалж худал мэдээлэлтэй тэмцэх ёстой.

Гэтэл худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж байгаад гол алдаа байна. 

Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх нь үнэнийг олохын тулд ач холбогдолтой. 

Энэ нийгэмд үнэн ёроолд нь байдаг. Үнэн худал мэдээлэл хоорондоо мөргөлдөж байж, худлыг мэдэхийн тулд үнэнийг хардаг. Үнэнийг мэдэхийн тулд худлыг харж байж үнэн худлыг ялгадаг учир энэ эрх хамгийн чухал байгаа юм.

Засгийн Газрын хэлснээр мэдээллийн үнэн худлыг ялгах ямар ч боломжгүй. 

Мэдээллүүд чөлөөтэй нээлттэй байсны үр дүнд иргэд тэндээс үнэнийг олж хардаг. Гэтэл Засгийн газар, парламент үнэн худлыг Эрүүгийн хууль, мөрдөн байцаалтаар тогтоож байна. Үг хэлэх эрх чөлөөг Эрүүгийн хуулиар шалгаж байна.  

Үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн иргэн хулгай, дээрэм хийсэн хүнтэй адил шалгагдаж байна. Тэнцвэр алдагдсан гэдэг нь энэ юм. Цахимд үг хэлээд маргааш нь халаасны хулгайчтай адилхан шалгагдаж байна" гэв.