Зураач Т.Отгонбаяр Үндсэн хууль батлагдсан түүхт энэ өдөр төрийн сүлдээр хэрхэн марк бүтсэн талаар дурсамжаа илгээснийг хүргэж байна.
1992 оны энэ өдөр Монгол Улс "Шинэ Ардчилсан Үндсэн Хууль"-аа баталжээ. Энэ бол үнэхээр түүхэн явдал мөн. Гэхдээ би энд Шинэ Үндсэн Хуулийн бэлгэдэл болсон “модон морьтой” сүлдээр шуудангийн марк гаргах болсон бяцхан түүх өгүүлэх гэсэн юм!
Энэ сүлд батлагдан гарахаасаа эхлээд л олны дургүйцлийг төрүүлж сонин хэвлэлүүд эгдүүцэн шуугьж ард олон ам амандаа гоочилж эхэлсэн. Үнэхээр түүний хэлбэр дизайн, уран сайхны шийдэл миний л бодоход шүүмжилмээр санагддаг.
Манай зураачид бол хэлэх ч үг нь олдохгүй байсан даг. Би ч тэдэнтэй санаа нэг байлаа. Уг нь Шинэ Ардчилсан Үндсэн Хууль хэлэлцэж байсан Ардын Их Хурлын чуулган дээр хэд хэдэн шинэ сүлдний загвар, түүний дотор миний хийсэн загвар ч явж байсансан. Ардын зураач Н.Цүлтэм гуай маань хуучин сүлдэд багахан шиг өөрчлөлт хийгээд, тухайлбал коммунист бэлгэдэл таван хошууг арилгаад дан Соёмбо үлдээж, БНМАУ гэсэн үгийг “Монгол” болгон өөрчилсөн загвар гаргасан байсан санагдах юм. Энэ л зөв санал байсан юм, минийхээр бол.
Үүнтэй зэрэгцээд зураач Ш.Тэнгисболдын цагаан шонхортой сүлд нэлээн их анхаарал татаж байсан. Тэр үед үндэстний үзэл санаа хүчтэй дэлгэрч өнгөрсөн түүх рүүгээ нийтээр хошуурч байсан цаг тул, монголчууд эрт цагаас эрхэмлэн дээдэлж ирсэн “Цагаан шонхор” сүлдтэй байх нь зүйтэй гэж Ардчилсан хүчнийхэн зүтгүүлж байлаа. Үүнээс болж зураач Ш.Тэнгисболд маань Ш.Сүрэнжав найрагчтай зодоон цохиондоо хүрсэн юмдаг. Нөгөө МАХН-ынхан талдаа болохоор Н.Цүлтэм гуайн загвар дээгүүр үнэлгээтэй байсан байх.
Би хувьдаа, хэдийгээр Ардчилсан хүчинд хамаарах хүн боловч түүний загварыг таашааж байсан. Хуучин сүлд бол уран сайхныхаа талаас төгс шийдэл байсан гэж би боддог. Энэ хоёр бараг хүч тэнцээд маргалдаж байх хооронд Ц.Ойдовын зурсан одоогийн энэ “Модон морьтой” сүлд гэнэт дундуур нь ороод ирдэг байгаа!
Сүлдний асуудалтай зэрэгцээд “дайны хажуугаар дажин” гэж, Ардчилсан хүчнийхэн “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэдэг “коммунист” нэрийг өөрчилж “Монгол Улс” гэдэг “ардчилсан” нэртэй болгоно, төрийн далбаан дээрх коммунист бэлгэдэл таван хошууг авч хаяна гээд давхичихсан. Нөгөөдүүл нь гацаачихсан. Тэд АИХ-ын депутатуудын 80 хувийг бүрдүүлж байсан болохоор шинэ хүчнийхэн аргагүй хүчгүйдэж байлаа.
Ингээд хоёр тал гацаанаас гарахын тулд наймаалцсан байгаа юм. Юу гэхээр МАХН-ынхан “За Та нарынхаар “Монгол Улс” гэж нэрлэе, тэр таван хошууг авч хаяя, харин сүлдийг үүгээр Та нар зөвшөөр” гээд тулгачихсан гэдэг. Гурван сар гаруй хуралдаж маргалдсаар хаа хаанаа ч залхсан биз, ингэж тохиролцоод хоёр яс хагацсан байдаг. Сум-нэгдлийн дарга голцуу архгууд Нэгдлийн Холбооныхоо модон морийг төрийн сүлд болгочихлоо, новшнууд гээд зүхэж байсан хүн ч бий. “Модон морьтой” сүлдтэй болсны учир энэ!
Сүлдний хэлэлцүүлэг маш сонирхолтой, депутатууд бүгд шахуу дизайн урлаг мэддэг гэж өөрийгөө боддог тул бараг амтай болгон санаа бодлоо хэлсэн юм биш үү. Чуулганы танхимын санаа бодол тийшээ хуйлрах учир Үндсэн Хуулийн эцэг гэгддэг М.Чимид гуай үүгээр нь далимдуулж Үндсэн Хуулийн гол гол заалтуудаа батлуулж авсан гэдэг. Хэрэв тэднийг эдгээр заалтууд руу анхаарлыг нь хандуулбал, жишээлбэл гадаадад чөлөөтэй зорчин явах хүний эрх гэх мэт чухал заалтууд сум-нэгдлийн дарга голдуу архаг коммунистуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч унах магадлал өндөр учир тэд анхаарал саринуулах тактик хэрэглэсэн бололтой байдаг. Улс төрийн урлаг юм даа!
Түүнээс гадна улсын нэрийг Монгол Улс гэж нэрлэсэн нь товчлохоор МУ буюу муу гэж байгаа юм шиг муу ёрын нэр өглөө, танай муусайн ардчиллынхан гэж уурлаж байсан хүн ч бий. Үндсэн Хууль гэж гаднын нэр томьёог хуулбарлахгүй Их Цааз гэж нэрлэе гэх санал бас их шуугиулсан. Цааз байхдаа яадаг юм, цааз гэдэг чинь алж хядна гэсэн утгатай аймаар үг гэх мэтээр мушгиж байгаад “ҮХ” дээрээ тогтсон юмдаг. Зарим нь Үндсэн Хууль гэдгийг товчлохоор “ҮХ” гэдэг муухай үг үүсээд байнаа гэж учирлаж байсан нь ч бий. Нээрээ энэ хоёр товчлолоор МУ, ҮХ гэж буюу муу үх гэж байгаа юм шиг харагдаад байдаг тал бий. "Өглөө хурал эхлээд л сүлдээ морьтой хийх үү, нохойтой хийх үү гэхээр л бүгдээрээ орилолдоод босоод ирдэг байж билээ. Хэдэн өдөр л морь нохой ярьж орилолдож байх хооронд хуулийн үндсэн заалтуудаа батлаад байсан гэдэг. Монгол даяараа л телевизээр харж радиогоор сонсож байсан даа. Хуулиа анхаарч байсан хүн байгаагүй л юм даа гэж зураач Д.Батнасан дурсаж байна. Нээрээ манайхан хөгжилтэй, гэнэн ч юм шиг сонин хүмүүс шүү! Гэхдээ л үзэгдэх өнгө нь тийм хөгжилтэй харагдаж байсан ч энэ Үндсэн Хууль их ардчилсан хууль болсон гэдэг шүү!
Нэгэнт ийм сүлдийг хууль номын дагуу эрх бүхий байгууллага нь батлаад гаргасан юм чинь одоо үүгээр марк гаргах байх гэж би боддог байлаа. 1994 онд байна уу даа, би “Монгол марк” компанийн захирал Г.Раднаабазараас яагаад энэ шинэ сүлдээр марк гаргахгүй байгааг асуулаа. Мань эр, аан Отгоо тэр онцгүй юмаар марк гаргаж яадаг юм гэх маягтай юм хэлсэн. Би “Тийм нь ч тийм, гэхдээ төрийн сүлд шүү дээ” гээд өнгөрсөн. Би ч өөрөө дургүй, тэгээд ч санал тавихаас цаашгүй амьтан чинь яах билээ. Дахиж сөхөөгүй.
1997 онд би монгол маркдаа буцаж ирлээ. Ингээд даруй энэ сүлдээр марк хийхээр 1998 онд хэвлүүлэх маркийн төлөвлөгөөнд оруулж батлуулаад зурж хэвлүүлэн 1998.01.13 гүйлгээнд оруулж байжээ. Миний зурж урласан марк минь!
Тайлбар. Сүлд батлагдсанаас хойш зургаан жилийн дараа! Ингэж удаан дарж болохгүй л дээ! Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж үг байдаг даа. Нэгэнт албан ёсны сүлд юм чинь хувь хүн, албан тушаалтан хэчнээн дургүй байсан ч хуулиа дагаж мөрдөх л ёстой! “Модон морь” байтугай мангас чөтгөр зураад тэр нь эрх бүхий байгууллагаар батлагдсан л бол бандан тас шүү дээ! Хууль эрх зүйт төр гэдгийн утга учир энэ гэдэг биз дээ! Харин буруу зөрүү хууль дүрмийг өөрчлөх шинэчлэх гэдэг бол огт өөр асуудал. Нэгэн цагт энэ алдаагаа засаж өөр шинэ сайхан сүлдтэй болох байлгүй дээ. Одоо үүнийгээ “шүтээд” л явж байхаас.
Уг нь би энэ маркийг Ц.Ойдовоор өөрөөр нь зуруулчих санаатай сураглаад олоогүй юм. Тэгээд цаг хугацаанд шахагдаад өөрөө зурсан хэрэг. Нэг өдөр III хороололд байх ажил руугаа явж байгаад Ойдовтой тааралдлаа. Болсон явдлыг хэллээ. Баярлаад жигтэйхэн. Алив Отгоо хоёулаа үүнийг тэмдэглэе гэнгүүтээ дэлгүүр орж нэг шил юм бариад ирдэг юм. Тэднийд орж нөгөөхөө янзлангаа түүний шинэ бүтээлүүдтэй танилцаж зарим нэг зүйлээр нь марк гаргаж болох юм гэж хэлсэн. Тэр бол зураачаас гадна түүхч хүн. Монголын түүхийг нэлээн сайн мэднэ. Өнөөх чинь хөөрөөд за зүй болоод л байсан. Гэсэн мөртөө таг чиг алга болсон. Дахиж тааралдаагүй.
Зарим хүмүүс надаас, чи өөрөө дургүй гээд байдаг мөртөө яагаад ийм хачин сүлдээр марк гаргах гээд байгаа юм, гаргаад байгаа юм бэ гэж асуудагсан. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж үг байдаг даа гэж би ам таглана. Түүнээс гадна марк бол тухайн орны түүхэн бичээс юм. Ийм сүлд албан ёсоор байгаа л юм бол маркаар бичээд л үлдээх учиртай. Марк бол тухайн орны нэрийн хуудас юм. Сүлд далбаагаа сольчхоод түүнийгээ маркандаа мөнхөлдөг нь энэ дэлхийн аль ч улс орнуудад байдаг эрхт төрийн соёл, тогтсон ёс, бичигдээгүй хууль!
Маркийн зураач Тодын Отгонбаяр (Лондон хот)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!