Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс “102 Police” аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгох журам хэрэгжиж эхэлсэн билээ.
Журамд зааснаар зөрчил мэдээлсэн иргэдийн урамшууллыг энэ сарын 20-ны дотор олгоно гэж Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээлээд буй.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд замын хөдөлгөөний хэчнээн зөрчил мэдээлэгдэж, хэдэн төгрөгийн торгууль төлөгдсөн, иргэдийн урамшуулалд олгох мөнгөн дүнгийн талаар тус төвөөс тодруулахад "2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд 102 Police аппликэйшнээр иргэдээс 126,769 зөрчлийн мэдээлэл ирүүлсэн. Эдгээр зөрчил буюу 126,769 торгуулиас 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор 62,886 зөрчлийн торгуулийг жолооч төлсөн байна. Зөрчил мэдээлсэн иргэдэд 143,704,400 төгрөгийн урамшууллыг олгохоор төлөвлөгдсөн байна" гэлээ.
Харин 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор олгох юм байна.
Иргэдээс 102 Police аппликэйшнээр ирүүлсэн зөрчлийн мэдээллийг эрх бүхий албан тушаалтан шалгаж, баталгаажуулан торгуулийг ногдуулдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!