Каспийн тэнгист 14 цэрэг живсний дараа Казахстаны армийн өндөр албан тушаалтнууд баривчлагдав

Т.Давааням, ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Байлдааны сургуулилалтад оролцож байсан Казахстаны армийн 14 цэргийн алба хаагч тэнгисийн усанд живж, амиа алдсаны дараа зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ.

Амь үрэгдэгсэд Пүрэв гарагт завинаас буух үеэрээ Каспийн тэнгисийн хүчтэй давлагаанд цохиулсан бөгөөд нийт 17 цэргээс гурав нь л амьд үлдсэн юм.

Албаныхан үүнийг байлдааны сургуулилалтын үеэр “цаг агаарын нөхцөл байдал огцом муудаж, салхины хүч нэмэгдсэнтэй холбоотой” гэж тайлбарлажээ.

Баасан гарагт баривчлагдсан хүмүүсийн дунд Казахстаны тэнгисийн зэвсэгт хүчний штабын дарга, командлагчийн нэгдүгээр орлогч, цэргийн ангийн хоёр захирагч, мөн тэнгисийн явган цэргийн командлагч нар байсан байна. Тэднийг ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан гэмт хэрэгт сэжиглэжээ.

Казахстаны баруун өмнөд хэсэгт оршдог Актау хотоос 43 км зайд болсон уг ослын шалтгааныг тогтоох шалгалтын түр хороог Дотоод хэргийн яамны дэргэд байгуулсан байна.

Казахстаны батлан хамгаалах яамны мэдээлснээр “Каспийн Хамгаалалт 2026” нэртэй энэхүү сургуулилалтад 500 гаруй цэргийн алба хаагч, байлдааны хөлөг онгоц болон эргийн хамгаалалтын анги нэгжүүд оролцжээ.

 

Эх сурвалж: BBC