Түрээсийн байрнаасаа хөөгдсөн 87 настай эмэгтэйг өмгөөлсөн олон мянган хүний жагсаал Мадрид хотод болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
52 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бямба гарагт Испанийн нийслэл Мадрид хотод олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан нь орон сууцны түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой байлаа.

Энэ долоо хоногийн эхээр 87 настай эмэгтэйг насаараа амьдарсан түрээсийн байрнаас нь албадан гаргасан үйл явдал Испанийн нийгмийг цочроосон юм.

Цагдаа нар хаалгыг нь эвдэн орж, Марикармен Абаскал хэмээх энэ эмэгтэйг дамнуурга дээр зөөвөрлөн гаргаж буйг харуулсан зураг, дүрс бичлэг нийгмийн сүлжээнд тархаад байгаа. Тухайн үед сайн санаат хүмүүс цагдаа нарт саад учруулахыг хичээсэн ч нэмэр болоогүй юм.

Энэ үйл явдал 2027 онд болох парламентын сонгуулийн өмнө Испанийн орон сууцны хямралыг олны анхаарлын төвд оруулж байна.

Жагсагчид Мадрид хотын төвөөр алхахдаа гэрийн түлхүүрээ шажигнуулан дуугаргаж, шүгэл үлээж, орон сууцны үнийн өсөлтийг хязгаарлах, албадан нүүлгэлтийг өндөр босготой болгохыг шаардсан уриа, зурагт хуудас барьсан байлаа.

Нэг зурагт хуудас дээр “Та ч бас дараагийн Марикармен болж болзошгүй” гэсэн үгсийг бичсэн байв.

Засгийн газар уг жагсаалд 25,000 орчим хүн оролцсон гэж мэдээлсэн бол зохион байгуулагчид нь 300,000 хүрсэн гэж үзэж байна.

“Марикармены албадан нүүлгэлт нь олны дургүйцлийг төрүүлж, нөхцөл байдлыг өөрчлөх эргэлтийн цэг боллоо” гэж Мадридын Түрээслэгчдийн Холбооны хэвлэлийн төлөөлөгч Алисиа дел Рио сэтгүүлчдэд хэлжээ.

Испанийн орон сууцны хямралын бэлэг тэмдэг болсон Марикармен Абаскал жагсаал эхлэхээс өмнө цахим орчинд видео мэдэгдэл гаргаж, тэмцэлд нэгдэхийг испаничуудад уриалсан юм.

“Надад тохиолдсон явдал бусад хүмүүс давтагдахгүй байхад тус болоосой гэж би хүсэж байна. Энэ явдал хүмүүст тэмцэх урам зориг өгч, намайг гэрээс минь албадан нүүлгэх боломж олгосон хууль тогтоомжийг өөрчлөхөд хүргэнэ гэдэгт найдаж байна” гэж тэр албадан нүүлгэлтийн дараа ядарсан биеэ сувилуулж буй эмнэлгээс мэдэгдсэн байна.

Үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр Марикармены 70 жилийн турш амьдарсан байрыг үл хөдлөх хөрөнгийн нэг компани худалдаж авсныхаа дараа түрээсийн төлбөрийг нь 275 хувиар өсгөж, сарын 2,650 евро болгосон юм. Үүний улмаас тэр цаашид амьдрах аргагүй болсон байна.

Боломжийн үнэтэй амьдрах орон сууц олох хэцүү байгаагийн улмаас ахмадууд түрээсийн байрнаасаа хөөгдөж, залуучууд эцэг эхийнхээ гэрээс тусдаа гарч чадахгүй байгааг 76 настай жагсагч Арнедо хэвлэлд ярьжээ.

“Бид орон сууцны үнэ болон түрээсийн төлбөр буурахыг хүсэж байна. Учир нь би 53 настай хүүгийнхээ дотуур хувцсыг угаахаас залхаж гүйцлээ” гэж тэр хэлсэн байна.

Өнгөрсөн онд орон сууцны асуудлыг засгийн газрынхаа тэргүүлэх чиглэл болгохоо амлаж байсан Социалист намын ерөнхий сайд Педро Санчес одоо олон нийтийн зүгээс нэлээд дарамт шахалтад ороод байгаа юм.

Тэрбээр Абаскалыг албадан нүүлгэсэн явдлыг “бидний хүлээн зөвшөөрөх боломжгүй нийгмийн эмгэнэлт явдал” гэж нэрлэжээ.

Засгийн газар дараагийн хуралдаанаараа түрээсийн гэрээг автоматаар сунгах, албадан нүүлгэхэд нэмэлт хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээг багтаасан “Марикармены Тогтоол” хэмээх баримт бичгийг баталж магадгүй байна.

Гэвч Санчесын нам парламентад олонх болж чадаагүй тул уг баримт бичиг батлагдах эсэх нь тодорхойгүй юм.

Хэдийгээр энэ оны эхээр үүнтэй төстэй хуулийн төсөл дэмжлэг аваагүй ч энэ удаа Абаскалын хэрэг улс төрийн намуудыг арга хэмжээ авахад түлхэц болж магадгүй байна.

Испанийн төв банкны тооцоолсноор орон сууцны эрэлт болон нийлүүлэлтийн зөрүү их байгаагаас шалтгаалан 50 орчим сая хүн амтай тус улсад 700,000 орон сууц дутагдалтай байгаа.

Түрээсийн төлбөр өсөхөд аялал жуулчлал, цагаачлалтай холбоотой хүн амын өсөлт гол нөлөө үзүүлж байгаа гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: AFP