2023 оны арванхоёрдугаар сараас Нийслэлийн нийтийн тээвэрт өнгө нэмсэн компани бол БНХАУ-ын "Yutong" юм. Өдгөө тус компанийн нийтийн тээврийн 600, угсраа 31 автобус хотын иргэдийг нэг цэгээс нөгөө рүү хүргэж байна.
Анх 1963 онд жижигхэн авто засварын газраас гараагаа эхлүүлсэн тус компани өдгөө дэлхийн тэргүүлэх зэргийн автобус үйлдвэрлэгч, борлуулагч компани болжээ.
Тус компанийн төв оффис болон үндсэн үйлдвэр нь Хенань мужийн Жөнжоу хотод байрладаг. Үүнээс гадна шинэ эрчим хүчний үйлдвэр, Тусгай тоноглолтой автомашины үйлдвэр, Судалгаа хөгжлийн төв, Маркетингийн хэсэг болон зочид буудалтай.
Энэ хотод гэхэд 50,000 гаруй ажилтан жилд 30,000 автобус болон бусад тээврийн хэрэгслийг үйлдвэрлэж буй.
Зөвхөн нийтийн болон зорчигч тээвэр гэлтгүй сургуулийн автобус, уул уурхайн зориулалттай хүнд даацын тэрэг, тусгай тоноглолтой түргэн тусламж, цагдаагийн автомашин, хог болон цас цэвэрлэх зориулалттай машин гээд "Yutong"-ийн бүтээгдэхүүн олон бий.
Төв Азийн зургаан орноос 140 гаруй төрийн болон хувийн хэвшил, сэтгүүлчдийн баг тус компанийн эх нутаг болох Жөнжоу хотын үйлдвэртэй танилцах боломж гарав.
Тодруулбал Казахстан, Узбекистан, Туркменистан, Киргизстан, Тажикистан болон Монголын төлөөлөл эртний түүхтэй Хенань мужийн нийслэлд цугларсан юм.
Монголоос Авто Тээврийн Үндэсний Төв болон хувийн хэвшлийн гурван компанийн төлөөлөл оролцлоо.
Нийт 13 сая хүн амтай Жөнжоу хотын төвөөс 25 км-ийн зайд байрлах "Шинэ Эрчим Хүчний Үйлдвэр" болон "Судалгаа, Хөгжлийн Төв" буюу R&D Center-тэй танилцсан юм.
Судалгааны төвд ойролцоогоор 2,800 гаруй инженер, мэргэжилтэн ажилладаг. Тус төвд цахилгаан автобусны дуу чимээ, соронзон орны нөлөөллийг хянах зориулалттай дуу тусгаарлагч өрөө (anechoic chamber) байрладаг бөгөөд тээврийн хэрэгслийн дуу чимээний түвшнийг нарийн хэмжихэд ашигладаг байна.
Түгжрээтэй авто замын дуу чимээ дунджаар 90 децибел байдаг. Тэгвэл автомашины тэр дундаа автобусаар зорчигчдын ая тухтай байдлыг хангах зорилгоор мэргэжилтнүүд энэ тоог энгийн хүний ярианы хэмжээнд буюу 60 децибелд хүргэхээр ажиллаж байна.
Цахилгаан автобусны батарейн систем нь IP68 хамгаалалтын стандартын дагуу хийгджээ. Тухайлбал хоёр метр гүн усанд 72 цаг хүртэл тэсвэртэй болохыг баталгаажуулсан.
Ингэснээр гэнэтийн үер, хүчтэй борооны үед ч цахилгаан систем нь аюулгүй болохыг баталдаг.
Түүнчлэн 1300 хэм хүртэлх галд хоёр цаг хүртэлх хугацаанд тэсвэрлэх чадвартай байдаг нь олон улсын галын аюулгүй байдлын стандартыг давсан үзүүлэлт аж.
Үүнээс гадна агаарын урсгалын (wind tunnel) туршилт ч бий. Манайх шиг эрс тэрс уур амьсгалтай орнуудад буюу -40 хэмд хэр тэсвэртэйг шалгадаг. Ингэснээр тухайн автобусны чанар, найдвартай ажиллагааг баталгаажуулахад чухал үүрэгтэй юм.
Цахилгаан тээврийн хэрэгсэлд тохиолддог хамгийн том эрсдэл бол батарейн хэт халалт байдаг. Үүнээс улбаалан гал гарах, дэлбэрэх аюултай. Yutong компани цахилгаан батарей нь хэт халах үед дотоод хүчил төрөгчийн хэмжээг багасгах азотын хамгаалалтын системийг судалжээ.
Тус битүүмжлэгдсэн хайрцагт азот шахдаг тусгай хамгаалалтын систем суурилуулснаар батарейн температур гэнэт нэмэгдэхэд систем нь азот шахаж, хүчилтөрөгчийн хэмжээг багасгана.
Судалгааны хэсгийн дараа үйлдвэрийн угсралтын хэсэгтэй танилцав. Yutong компани нь Industry 4.0 буюу ухаалаг автоматжуулсан үйлдвэрлэлийн системийг нэвтрүүлсэн.
Тодруулбал гагнуур, автомат эд анги суурилалт, хиймэл оюун ухаанд суурилсан чанарын хяналтын системтэй. Үйлдвэр дотроо MES (Manufacturing Execution System) буюу үйлдвэрлэлийн гүйцэтгэлийн нэгдсэн хяналт хэрэгжүүлдэг.
Ган бүтэцтэй араг ясыг роботуудаар гагнаж бэхжүүлдэг. Мөн будаг, зэврэлтээс хамгаалах бодис түрхдэг. Тус компанийн бүх автобус 10 жилийн баталгаа гаргадаг байна. Хүний биед хортой тул уг ажиллагааг автомат машинаар хийдэг аж.
Суудал, камер, мэдээлэл дамжуулах систем, жолооны хэсэг зэрэг дотор тоноглолыг нарийн хэмжилттэй багажаар суурилуулдаг.
Биднийг зочлох үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын захиалгын автобусны угсралт явагдаж байлаа. Хэдийгээр хүний оролцоо бага мэт боловч нарийн мэдрэмж шаардсан тоноглол хийхэд 2,000 ажилтан хариуцдаг.
Нийт таван шугамд тус бүр 400 ажилтан бий.
Угсралт дууссаны дараа бүх автобусыг туршилтын зам дээр явуулдаг. Ингэснээр торомз, жолоодлого, дохио, гэрэл, агааржуулалт зэргийг бүрэн шалгадаг байна. Мөн бороо, үерийн усанд тэсвэртэйг ч баталгаажуулна.
Нийт 30 км замыг туршилтын талбайд туулдаг.
Том оврын автобус нь огцом эргэлтэд хөмрөх аюултай. Иймээс зорчигч тээврийн хэрэгсэлд тэнцвэр, жолоодлогын хариу үйлдлийг шалгах зорилготой юм.
Үүгээр:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
|