Индэр    
2025 оны 11 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч

Мэргэжлийн спортод мөрөө гаргаж буй монгол гаралтай тамирчид

Зураг

Спортоор тэр дундаа мэргэжлийн спортоор бусад улс оронд нэрээ гаргаж буй монгол гаралтай тамирчид цөөнгүй бий. Зах зээлийн ороо бусгаа цаг үеэс буюу 1990-ээд оны сүүлч 2000 оны эхэн үед хилийн дээс алхсан монголчууд олон.  

Үүний тод илрэл нь мэргэжлийн спортод монгол гаралтай тамирчид тухайн улсынхаа лигт тоглож, зарим нь шигшээ багт хүртэл дуудагдаж байна. 

Эдгээр тамирчдын заримыг нь танилцуулъя.


И Ген Хе (Сөүл Самсунг, БНСУ) 

зураг
 

Өнгөрсөн хоёрдугаар сараас БНСУ-ын шигшээ багт тоглож буй И Ген Хе буюу Х.Болдсүх. 

Тэрбээр 1998 оны зургаадугаар сарын 9-нд Монголд төрсөн. Багаасаа Өмнөд Солонгост амьдарч эхэлснээр сагсан бөмбөгийн гараагаа тус улсын бага, дунд сургуульд эхлүүлж, улмаар 2020 оны драфтаар Дээд лигийн "Busan KKC Egis" багт сонгогдсон түүхтэй.

Түүний баг өнгөрсөн жил Өмнөд Солонгосын Дээд лигт түрүүлснээр энэ жил Азийн аваргуудын лигт өрсөлдсөн билээ.

"Busan KKC Egis" багтайгаа мэргэжлийн гэрээгээ өндөрлүүлсний дараа "Сөүл Самсунг Тандерс"-тай гэрээ байгуулсан юм.


Самуэль Рамирез Батчулуун (Вильярреал, Испани) 

зураг
 

Испанийн "Алавес" багийн хүүхдийн академид данстай байсан Самуэль Рамирес Батчулуун "Вильярреал" клубтэй өнгөрсөн онд гэрээ байгуулжээ. 

Колумб аав, монгол ээжтэй 16 настай хаалгач хүү 195 см өндөртэй юм. Тэрбээр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Макаод төрсөн бөгөөд Колумбын давхар иргэншилтэй. Ирээдүйд Колумбын шигшээгийн хаалгыг "манах" мөрөөдөлтэй нэгэн.

Тэрбээр Колумбын дээд лигийн "Мильонариос"-ын өсвөрийн багт тоглож, тамирчны гараагаа эхлүүлсэн. Харин "Вильярреал"-тай гурван жилийн гэрээг үзэглэсэн бөгөөд өдгөө хөлбөмбөг тоглохын сацуу Вильярреаль хотын ахлах сургуульд суралцаж байна.


Ах дүү Рапике

Мозамбек аав, Монгол ээжтэй ах дүү сагсан бөмбөгчид Германд бий. Ах дүү хоёр Берлиний сагсан бөмбөгийн хүүхдийн академид хүмүүжсэн. Ах нь болох Еванс Рапике өдгөө 23 настай. Германы хоёрдугаар лигийн "Gladiators Trier" багт данстай. 

Ахаасаа хоёр насаар дүү Элиасын хувьд Германы Дээд лигийн "Алба Берлин" багийнхаа үндсэн багт багтсан. 2021 оноос хойш буюу 17 настайгаасаа хойш мэргэжлийн багт тоглосон тэрбээр энэ жилээс АНУ-ын оюутны лиг буюу NCAA-гийн "Канзас Стэйт" их сургуулийн багт тэтгэлгээр тоглож буй. 

Элиас Канзасын их сургуульд сагсан бөмбөгийн тэтгэлэг авсан анхны герман тоглогч болсон юм. Их сургуулийнх нь сагсан бөмбөгийн цахим хуудсанд түүний талаар нийтлэхдээ ээж Алтангэрэл нь монгол хүн бол аав Хосе нь Мозамбек гаралтай гэж бичжээ.

Тэрбээр одоогийн байдлаар NCAA-д зургаан тоглолтод оролцоод 3.0 оноо, 2.7 самбараас бөмбөг авч байна.


Дантел Ходжес (Дерби Коунтри, Англи)

зураг
 

Английн хөлбөмбөгийн "Дерби" клубын өсвөрийн багт данстай хүү багийнхаа цахим хуудсан дахь иргэншил хэсэг дээрээ Англи болон Монгол гэж тэмдэглэсэн нь анхаарал татав. Харамсалтай нь түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл олдсонгүй.


Болорболдын Чингүүн (Спарта, Чех) 

зураг
 

Өдгөө 16 настай Б.Чингүүн Чехийн нэр хүндтэй томоохон клубийн нэг болох "Спарта"-гийн өсвөрийн ангилалд тоглож буй. Тэрбээр 2020 оноос Чехийн "Гвезда" клубийн академид тоглож байгаад өнгөрсөн нэгдүгээр сараас "Спарта"-гийн өсвөрийн багт нэгджээ. 

Энэ онд хүнд бэртлийн улмаас 11 сар талбайд тоглоогүй ч талбайдаа эргэн ирээд зогсохгүй Чехийн 17 хүртэлх насны ангиллын шигшээд дуудагдсан билээ.