Индэр    
2025 оны 11 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

Алдартнуудын өлгий NCAA буюу АНУ-ын оюутны лигт нэрээ гаргаж буй монгол тамирчид

Зураг

Спортын олон алдартнуудын өлгий нутаг АНУ-ын гол нууц нь NCAA буюу оюутны лиг хөгжсөнд оршдог. Эндээс л ирээдүйн сагсан бөмбөг, америк хөлбөмбөг, хоккейн супер одууд мэндэлж, чөлөөт бөх, гимнастик зэрэг олимпын төрлийн дэлхийн медальтнууд төрөх эхлэлээ тавьдаг билээ.

"Сэм авгын" их спортын лигээс монгол тамирчид бас мэргэжлийн тамирчин болох эхлэлээ тавьж эхэлсэн юм. 

National Collegiate Athletic Association буюу NCAA нь I, II, III гэсэн зэрэглэлтэй. Спортын үндсэн 24 төрлөөр аваргаа тодруулдаг уламжлалтай.  


Шаравжамцын Энхийн Од (сагсан бөмбөг)

зураг
 

NCAA-гийн I дивизийн спортын D1 ангиллын тэтгэлэг авсан анхны монгол тамирчин бол Шаравжамцын Энхийн-Од. Өдгөө 23 настай, удам дамжсан тамирчин тэрбээр 2022 онд "Dayton Flyers"-аас тэтгэлэг авсан бол дараа жил нь "San Francisco Dons", харин гурав дахь улиралдаа "Utah Utes"-ын их сургуулийн багт тоглосон.

Өдгөө дөрөв дэх улиралдаа "South Carolina Gamecocks"-т зүтгэж байна. 

Энэ улирал түүний хувьд коллежид өнгөрүүлэх сүүлийн жил. Тиймээс тоглолт бүрд ур чадвар ахисан гэдгээ харуулах, мэргэжлийн тамирчны гэрээ байгуулах дараагийн алхамдаа бэлдэх чухал мөч ирээд буй. 

Одоогийн байдлаар коллежийн түвшинд 101 тоглолтод оролцохдоо 85 тоглолтод гараанд гарч, 6.9 оноо, 2.8 самбар, 2.7 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.

Харин NCAA-гийн шинэ улиралд хоёр тоглолтод оролцоод 10.5 оноо, 5.0 самбар, 3.0 оновчтой дамжуулалт дундажлаж байна.

Нямжавын Нандинхүсэл (сагсан бөмбөг)

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сагсан бөмбөгийн спортоос төрсөн хамгийн залуу гавьяат тамирчин Нямжавын Нандинхүсэл 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлснийхээ дараа АНУ-ын II дивизийн "Florida Tech Panthers" багаас тэтгэлэг авсан билээ.

Бизнесийн удирдлагаар суралцангаа тамирчны замналаа үргэлжлүүлж буй залуу гавьяатын шинэ улирлын албан ёсны эхний тоглолтоо дөрөв хоногийн дараа буюу орон нутгийн цагаар энэ сарын 14-нд "Edward Waters University"-гийн эсрэг хийнэ.

 Эгч дүү талбайн теннисчид

Зургийн тайлбар: Зүүн гар талд Ч.Мартаа, баруун талд Ч.Маралгоо

"Kansas State"-ийн их сургуульд талбайн теннисээр тэтгэлэг авсан монгол охид бол төрсөн эгч дүүс. Тэдний эгч нь болох Чогсомжавын Маралгоо нь өдгөө 20 настай. Хоёр дахь улиралдаа коллежид тоглож буй. Мэргэжлийн замналдаа ITF  зэрэглэлийн тэмцээнд 19 хожиж, 3 ялагдсан үзүүлэлттэй бол энэ жилээс эгчийнхээ араас замнаж байгаа 18 настай Чогсомжавын Мартаа нь 14 ялж, 4 дийлдсэн үзүүлэлттэй.  

Ч.Мартаа нь өнгөрсөн аравдугаар сард оюутны лигт анхны цомоо авсан бол Ч.Маралгоо нь өнгөрсөн онд лигийнхээ шилдэг шинэ тоглогчдын багт нэрлэгдсэн билээ.

Сансарболдын Тэмүүлэн (волейбол)

зураг
 

Монголын волейболын Дээд лигийн "Хөвсгөл Эрчим", "Хилчин" клубт гурван улирал тоглосон туршлагатай Сансарболдын Тэмүүлэн энэ жилээс "Towson University"-д данстай болсон. Үндэсний шигшээ багт Азийн наадам, тивийн аварга шалгаруулах тэмцээн, үндэстний цомын тэмцээнд оролцоод амжсан С.Тэмүүлэн энэ улиралд хоёр тоглолтод оролцсон байна.

Болорсүхийн Мишээл (волейбол)

зураг
 

"Хилчин" клубт нэг жил тоглосон өөр нэг залуу тамирчин болох 18 настай Болорсүхийн Мишээл мөн энэ жилээс "Jacksonville State" их сургуулийн тэтгэлгээр АНУ-д суралцаж байна. Японы шигшээ багийн ахлагч Сарина Когаг биширдэг тэрбээр Дорнодын Чойбалсан хотод төрсөн аж. Энэ улиралд одоогоор нэг тоглолтод оролцжээ.

Буман-Учралын Бат-Од (хөлбөмбөг)

зураг
 

Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин, хөлбөмбөгийн түүхэн дэх олон улсын тэмцээний хамгийн хурдан гоолын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Буман-Учралыг танихгүй хүн хөлбөмбөг сонирхогчид дунд цөөн биз ээ.

Тэгвэл Б.Буман-Учралын хүү Б.Бат-Од нь NCAA-гийн III дивизид данстай "East Stroudsburg University"-д суралцаж байна. 

Монголын Хөлбөмбөгийн "Дэрэн" клубийн хүүхдийн академиас гараагаа эхэлсэн тэрбээр өнгөрсөн жил "Eastern Illionis Panthers" багт тоглож байгаад бууриа сэлгэжээ. 

Энхтөрийн Эрхэс (усанд сэлэлт)

зураг
 

Бахрейнд болсон Азийн залуучуудын наадмын мөнгөн медальт усанд сэлэгч Энхтөрийн Эрхэс ирэх жилээс "Virginia Tech" их сургуульд суралцахаар болсон юм. Улсын зургаан рекорд эзэмшиж буй бол "Virginia Tech" их сургуулийн усанд сэлэлтийн эрэгтэй баг тамирчид өнгөрсөн жилийн оюутны аварга шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээнд зургаадугаар байр эзэлсэн аж.

Э.Эрхэс нь АНУ-ын Охайо мужийн "Lake Erie Silver Dolphins" клубт бэлтгэл хийдэг билээ.