Олимпын хүрэл (2016), дэлхийн хошой хүрэлтэй (2017, 2018) жүдоч Г.Отгонцэцэг өдгөө дасгалжуулагчийн албанд шилжсэн. Өнгөрсөн долоо хоногт түүний цахим хуудсандаа бичсэн нэгэн бичвэр олны анхаарлыг татсан билээ.
"Бахрейн 2025" Азийн залуучуудын III наадамд өрсөлдөх баг тамирчдыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг Хөгжлийн сайд Н.Учрал, Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам (ССАЖЗЯ)-ны сайд Ч.Ундрам нар тамирчдыг Төрийн ордонд хүлээн авсан юм.
Сайд Н.Учрал Бахрейны залуучуудын наадмын багийн ахлагчаар сонгогдсон тул залуучуудыг хүлээн авах нь зүйн хэрэг биз. Гэхдээ яг бодит дэмжлэг үзүүлж чадаж байгаа эсэх дээр гавьяат тамирчин Г.Отгонцэцэг цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлэв.
Энэ удаагийн Азийн залуучуудын наадамд манай улсаас 14-өөс 18 хүртэлх насны 134 тамирчин оролцож буй.Харин МҮОХ-ноос энэ удаагийн Азийн наадамд тамирчдын зардалд ₮80 саяыг, хувцас хэрэглэлд нь ₮400 саяыг зарцуулснаа мэдэгдсэн.
Монголын ирээдүй болсон тамирчидтай тулж ажиллаж байгаа Г.Отгонцэцэг энэ талаар дуугарсан нь сайн хэрэг. Яг үнэндээ аль ч спортод өсвөр, залуучуудын ангилалд улс тоодоггүй.
Үүний нэг тод жишээ нь саяхан Монголын спортын топ төрлүүдийн нэг болох жүдогийн Залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Перугийн Лима хотод болоход манай улсаас ердөө ганц тамирчин зодоглосон.
Чөлөөт бөхийн 17 хүртэлх насны ДАШТ-д ч ялгаагүй. Грекийн Афин хотноо өнгөрсөн наймдугаар сард болсон тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцсон билээ.
Өсвөр, залуучуудын тэмцээнд оролцоход хамгийн гол бэрхшээл нь замын зардал. Үеийн тамирчидтайгаа нэг дэвжээнд өрсөлдөж байж ур чадвар, сэтгэлзүй сайжрах учиртай.
Гэвч бодит дэмжлэг үзүүлдэггүй атлаа хүүхдүүдийг улс төрийн оноо авах хэрэгсэл болгосон сайд "Амжилт гаргаад ирэхээр нь хүлээж авна" гэсэн ёжтой үгээр үдэв.
Жүдогийн ДАШТ-ээс хүрэл (2018) медаль хүртсэн Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын начин Л.Отгонбаатар өнгөрсөн долоо хоногт цахим хуудсандаа Дархан аварга Г.Өсөхбаяр, "Бөхбилэгт" дэвжээний Гүйцэтгэх захирал Н.Алтаншагай нарт хандаж "8 жил болсон байна шүү, ах нар аа. Хэзээ байраа өгөх вэ?" гэв.
Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээний нэрэмжит ойн барилдаан 2018 оны аравдугаар сард болоход тэр жил ДАШТ-ээс медаль хүртсэн нутгийн жүдочид болох Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарт хоёр өрөө байр амласныг нь сануулсан хэрэг.
Олимпын мөнгө (2024), дэлхийн аварга (2023) Б.Баасанхүүд Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс хоёр өрөө байрны батламж гардуулсан ч одоог хүртэл өгөөгүйг Хөдөлмөрийн баатар маань эргэн сануулсан. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Олимпоос медаль аваад баахан батламжтай боллоо" хэмээн бичсэн аж.
Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн хошой хүрэл медальт (2022, 2023) Л.Энхрийлэнг дэлхийгээс анхны медалиа авсных нь дараа “Блю Драгон ХХК”-иас “Арт Сити” хотхонд гурван өрөө байраар шагнаснаа зарлаж, батламж гардуулж байв. Гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Энд зөвхөн нийтэд ил болсон цөөн тохиолдлыг дурдав. Монголчууд бид "бэлгийн морины шүд татдаггүй" гэдэг. Тамирчдын ид үедээ гаргасан амжилт, алдар нэрийг ашиглаж өөрсдөө тодордог улс үүнээс ч олон. Тэдгээрийн олонх нь чимээгүй өнгөрдөг ч тамирчид дуугарч эхэлж байгаа нь сайшаалтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!