Путин тэрбумтан Илон Маскийг магтахдаа Зөвлөлтийн суут зохион бүтээгчтэй зүйрлэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн Их сургуулийн оюутнуудтай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уулзахдаа Америкийн тэрбумтан Илон Маскийг магтаж, түүнийг Зөвлөлтийн үеийн сансрын хөлөг зохион бүтээгчтэй зүйрлэжээ.

Трампын засаг захиргааны үед Орос, Америкийн харилцаа өмнөхөөсөө сайжрах төлөвтэй байгаа. Илон Маск нь Трампын шадар хүмүүсийн нэг юм.

“АНУ-д амьдардаг, Ангараг гарагийн талаар байнга ярьдаг Маск гэж хүн байдгийг та нар мэднэ. Ийм зүйл сэтгэдэг хүмүүс хүн төрөлхтний дотроос тэр болгон төрөөд байдаггүй. Өнөөдрийн санаанд багтамгүй зүйлс хэсэг хугацааны дараа биелдэг. Яг л манай сансрын анхдагч Королевын тухайн үедээ бодож сэтгэж байсан зүйл шиг” гэж Путин энэ үеэр ярьжээ.

Сергей Королев нь 1961 онд анхны сансрын нисэгч Юрий Гагариныг тойрог замд хүргэсэн “Восток 1” хөлөг болон хүн төрөлхтний анхны хиймэл дагуул Спутникийг зохион бүтээсэн хүн бөгөөд түүнийг Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн эцэг гэж өргөмжилдөг.

Манай гарагийн хамгийн баян хүнд тооцогддог Маск нь Трампын хамгийн нөлөө бүхий зөвлөх бөгөөд үүсгэн байгуулсан SpaceX компани нь одоо NASA-гийн сансрын нисэгчдийг тээвэрлэх үүрэг гүйцэтгэдэг юм.

Тэр бас дөрөв дэх жилдээ Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украины эрх баригчдыг шүүмжлэгчдийн нэг.

Өнгөрсөн сард тэр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг “дайныг дуусгалгүй мөнхөд үргэлжлүүлэх” сонирхолтой хүн хэмээн шүүмжилж байжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ХАХА
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа