Даваа гарагт Их Британийн шүүх тус улсын нутаг дэвсгэрт Оросын тагнуулын сүлжээг ажиллуулдаг байсан зургаан болгар хүнд тус бүр 10 хүртэл жилийн хорих ял оноожээ.
Хуурамч паспорт, нууц камер, секс урхи зэрэг тэдний хэрэглэдэг байсан арга техникүүд “тагнуулын сэдэвтэй ном зохиол”-ыг санагдуулам байсныг шүүхийн дүгнэлтэд бичсэн байна.
47 настай Орлин Руссев уг сүлжээг удирддаг байсан бөгөөд түүний амьдардаг Зүүн Английн далайн эргийн Их Ярмутын амралтын газрын өрөөнөөс цагдаа нар тагнуулын мэргэжлийн эд зүйлсийн “эрдэнэсийн сан”-г илрүүлж байжээ.
Энэ хэргийг шүүх Британийн нутаг дэвсгэрээс илэрсэн гадаад тагнуулын “хамгийн том бөгөөд хамгийн нарийн” сүлжээ гэж дүгнэсэн байна.
Тэд Оросын санхүүжилтээр Их Британиас гадна Австри, Испани, Герман, Монтенегро улсуудад хил дамнасан ажиллагаа явуулдаг байжээ.
Руссевын гэрээс чулуу, эрэгтэй хүний зангиа, кока коланы лааз, чихмэл тоглоом зэрэгт нуусан камеруудыг олсон байна.
Цагдаа нар бас түүний гар утсанд хадгалагдсан Телеграм мессежийн түүхээс 2020 оны наймдугаар сараас хойш гурван жилийн өмнөх үе хүртэл үйлдэгдсэн зургаан ажиллагааны нотлох баримт олжээ.
Уг чат группт Руссев өөрийгөө “Jackie Chan”, өөрийн баруун гар 44 настай Бисер Жамбазовыг “Mad Max” хэмээн нэрлэдэг байсан гэнэ.
Харин сүлжээний бусад гишүүдээ “Despicable Me” хүүхэлдэйн киноны Минионуудаар нэрлэдэг байжээ.
Зөвхөн нэг ажиллагааны үеэр Руссев “Хэрвээ та нар үүнд нухацтай хандвал надад түүнийг хулгайлах, мансууруулах, агуйд хориход шаардлагатай хангалттай нөөц байгаа” гэж бичсэн байна.
Болгарын сүлжээний үйл ажиллагааг Оросын тагнуулын агент Ян Марсалек чиглүүлдэг байжээ. Тэрбээр Руссев болон Оросын тагнуулын албаны хооронд холбогчийн үүрэгтэй байсан гэнэ. Германы төлбөр тооцооны компани Wirecard дампуурсны дараа Интерпол байгууллага Австрийн бизнесмэн Марсалекийг эрэн сурвалжилж эхэлсэн юм байна.
Сүлжээний толгойлогч Руссев 10 жил, найман сар, түүний баруун гар Жамбазов 10 жил, хоёр сар, 33 настай гишүүн Иван Стоянов таван жилийн хорих ял шүүхээс сонсжээ.
Үлдсэн гурван гишүүн болох усан сэлэлтийн тамирчин асан 39 настай Тихомир Иванчев, лаборант 33 настай Катрин Иванова, гоо сайхны салоны эзэн 30 настай Ваня Габерова нар тус бүр найман жил, есөн жил найман сар, зургаан жил найман сарын хорих ял сонссон байна.
Уг сүлжээ Орос улсын ашиг сонирхлыг татсан хувь хүмүүс, байгууллагын эсрэг тандалт, тагнуулын ажиллагаа явуулж байжээ.
Тэднээс Габероваг эрчүүдийг татах урхи болон ашигладаг байсан гэнэ. Тэд бас Лондон дахь Казахстаны элчин сайдын яамны байранд нисгэгчгүй онгоцноос гахайн цус асгах ажиллагааг төлөвлөж байжээ.
Герман дахь АНУ-ын цэргийн баазад сургалтад хамрагдаж байсан Украины цэргүүдийн гар утасны мэдээллийг олж авах бас нэг ажиллагааг төлөвлөж байсан байна.
Тэдний ажиллагааны бай болсон хүмүүсийн дотор 2018 онд Английн Сэлсбэри хотод гарсан новичокийн халдлага, 2014 онд Малайзын иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг унагасан хэргүүдийн мөрөөр ажиллаж байсан Bellingcat эрэн сурвалжлах багийн сэтгүүлч Христо Грозев багтаж байжээ.
Тэд Грозев болон түүний гэр бүлийн гишүүдийн шилжилт хөдөлгөөн бүрийг хянаж, харилцаа холбоог нь чагнаж тагнах ажиллагааг урт хугацааны турш явуулж байсныг шүүхийн баримтад дурдсан байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!