Өмнөд Африкийн цагаан арьстнуудын эхний хэсэг АНУ-д суурьшихаар иржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад (ӨАБНУ) арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж байгаа гэсэн үндэслэлээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын уугуул цагаан арьстнуудад дүрвэгчийн статус олгох шийдвэр гаргаж байсан билээ.

Тэгвэл энэ санаачилгад хамрагдсан эхний 50 орчим цагаан арьстан Даваа гарагт АНУ-д нүүн иржээ.

Хар арьстнуудаас бүрдсэн ӨАБНУ-ын эрх баригчид цагаан арьстнуудыг хавчин гадуурхдаг гэх Трампын шүүмжлэлийг эрс үгүйсгэдэг.

Йоханесбург хотоос Виржиниа мужийн нисэх буудалд ирсэн дүрвэгчдийг АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Крис Ландау “Эрх чөлөөт хүмүүсийн оронд тавтай морил” хэмээн угтаж авчээ.

Тэрбумтан Илон Маск нь ӨАБНУ-д төрж өссөн хүн бөгөөд цагаан арьстан фермерүүд тэнд хэрхэн гадуурхагдаж, алагддаг, бараг "геноцид" явагддаг талаар мэдээллийг Трампын чихэнд хүргэснээр ийм арга хэмжээ авч байгаа юм.

“Тэнд нөхцөл байдал аймшигтай байгаа. Тиймээс бид эдгээр хүмүүст хүчирхийллээс зугтаж, энд оршин суух иргэний эрхийг нь баталгаажуулж байна” гэж Трамп өчигдөр мэдэгджээ.

ӨАБНУ-ын ерөнхийлөгч Сирил Рамафоза "африканчууд" гэгддэг цагаан арьстнуудыг хавчин гадуурхдаг гэх мэдээллийг эрс няцаадаг.

Энэ мэдээлэл үнэнд нийцэхгүйг тэр саяхан АНУ-ын ерөнхийлөгчид тайлбарлаж байжээ.

“Улс төр, шашин, эдийн засгийн хавчлагын улмаас эх орноосоо явсан хүмүүсийг дүрвэгчид гэдэг. Гэвч энэ тодорхойлолт үүнд тохирохгүй байна. Манай улс бол колоничлогчдыг нутагтаа үлдээсэн тивийнхээ цорын ганц улс. Бид хэзээ ч тэднийг хөөж байгаагүй” гэж Рамафоза саяхан Абиджанд болсон олон улсын чуулганы үеэр хэлсэн юм.

ӨАБНУ-д гарсан хүн амины хэргийн гол хохирогчид нь хот сууринд амьдардаг хар арьст залуус байдаг тухай тус улсын гадаад хэргийн сайд Рональд Ламола бас мэдэгджээ.

“Өмнөд Африкт гардаг гэмт хэргүүд арьс өнгө, хүйсээс үл хамааран бүгдэд нөлөөлдөг” гэж тэр хэлсэн юм.

Алдартай африкан зохиолч Макс ду Приз цагаан арьстнуудыг нүүлгэн шилжүүлж буй Трампын үйлдлийг “учир утгагүй зүйл” гэж тодорхойлсон байна.

“Энэ бол үнэндээ биднийг бодсон ажил биш, Трамп болон МАГА-ын суртал нэвтрүүлэг. Одоо дүрвэсэн хүмүүс нь магадгүй санхүүгийн асуудал, эсвэл цагаан арьстнуудын нөлөө багассан апартейд дэглэмийн дараах нийгэмд амьдрахыг хүсээгүй байж магадгүй” гэж тэр ярьжээ.

ӨАБНУ-ын хүн амын 7.3 хувийг бүрдүүлдэг африканчууд ерөнхийдөө хар арьстнуудаас амьжиргааны түвшин өндөр байдаг.

Тэд нийт тариалангийн талбайн гуравны хоёрыг эзэмшсэн хэвээр байгаа бөгөөд орлогын хэмжээ нь хар арьстнуудын дунджаас гурав дахин өндөр байдаг байна.

Африканчуудын давамгайлсан засгийн газар 1994 оныг хүртэл ӨАБНУ-д хар арьстнуудын улс төр, эдийн засгийн эрхийг хязгаарласан апартейд дэглэмийг тогтоож байсан юм.

 

Эх сурвалж: AFP