Барилгын ажил хийж байгаад дахин нэг иргэн унаж, амь насаа алдсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал энэ оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18:30 цагийн орчимд “Баригдаж байгаа барилгын 11 давхраас хүн унаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тус дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
Уг иргэн нь тухайн барилгын компанид эхний өдрөө туслах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд тагтны тавцан хэсэгт эд зүйл зөөж байгаад ийнхүү харамсалтайгаар амь насаа алджээ.
Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд та бүхэн аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!