Улаан тэнгис дэх байлдааны ажиллагаанд нэлээд их адал явдалтай оролцсон АНУ-ын тэнгисийн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг USS Harry S. Truman нутгийн зүг жолоо залсныг Пентагоны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Уг хөлөг Ираны холбоотон Йемений зэвсэгт босогчдын эсрэг явуулах АНУ-ын байлдааны ажиллагаанд оролцохоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Улаан тэнгист ирсэн юм.
Өнгөрсөн хугацаанд энэ хөлөг нэг бүр нь $60 саяын өртөгтэй өөрийн гурван байлдааны сөнөөгч онгоцыг унагаж, ачаа тээврийн хөлөг онгоцтой мөргөлдөн гэмтэж байв.
Арванхоёрдугаар сарын сүүлээр USS Harry S. Truman хөлгийн цохилтын бүлэгт багтдаг USS Gettysburg хөлөг Улаан тэнгисийн дээр нисэж байсан өөрийн F/A-18 сөнөөгч онгоцыг пуужингаар буудаж унагасан юм. Пентагон үүнийг санамсаргүй тохиолдол байсан гэж тайлбарласан ч дэлгэрэнгүй мэдээллийг нууцлаад өнгөрсөн байна.
Хоёрдугаар сарын дундуур Truman хөлөг Газар дундын тэнгист, Египетийн Саид боомтын ойролцоо ачаа тээврийн том хөлөг онгоцтой мөргөлдөн гэмтэж байжээ.
Ослын дараа хөлгийг АНУ-ын тэнгисийн баазад засварлаж байв.Энэ ослын дараа хөлгийн удирдлагын нэг офицерыг ажлаас нь халсан байна.
Дараа нь дөрөвдүгээр сарын сүүлээр Truman хөлөг Улаан тэнгист буцаж ирээд удаагүй байхдаа дахин нэг F/A-18 сөнөөгч онгоцоо алдсан юм. Энэ удаа засвар үйлчилгээнд орохоор трактораар чирүүлж байсан сөнөөгч онгоц чиглэлээсээ хазайн тавцан дээрээс тэнгисийн усанд унажээ. Онгоцыг чирч байсан усан цэргүүд усанд унахаас нь өмнө амжиж үсэрснээр эсэн мэнд үлдсэн юм.
Үүнээс хойш долоо хоног орчмын дараа буюу тавдугаар сарын эхээр Truman хөлгийн тавцан дээр газардсан бас нэг F/A-18 сөнөөгч онгоцны хурд сааруулагч механизм ажиллаагүйн улмаас тэнгисийн усанд унажээ.
Энэ үеэр усанд унасан тус онгоцны нисгэгч нарыг нисдэг тэргээр аварсан байна.
Truman хөлөг нутаг буцсанаар одоо Ойрх Дорнодын бүс нутагт USS Carl Vinston нисэх онгоц тээвэрлэгч хөлөг ганцаар үлдэж байгаа юм.
Өнгөрсөн амралтын өдөр Суэцийн сувгаар нэвтэрсэн Truman хөлөг одоо Газар дундын тэнгист хөвж байгаа бөгөөд АНУ-ын Виржиниа мужийн Норфолк боомт дахь өөрийн үндсэн баазад хэзээ ирэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|