УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хамтарсан Засгийн газрын асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Би хэд хоног хувийн ажлаар чөлөөтэй байж байгаад саяхан ирсэн. Одоогийн байдлаар хамтарсан Засгийн газраас гарах тухай 2-3 шаардлага ирсэн байна. Шаардлагатай гэвэл АН-ын бүлгийг хуралдуулж, асуудлыг шийдвэрлүүлнэ. Бүлгийн ээлжит хурал ирэх долоо хоногийн Даваа гарагт болно. Ээлжит бусаар хуралдах бол мэдээлэл өгөөд явна.
Би хамтарсан Засгийн газар анх байгуулагдах үйл явцыг хууль бус гэж үзэж байсан. Үндсэн хуульд зааснаар аль нэг нам эвсэл олонх болсон бол Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа байгуулна гэж байгаа. Одоо яригдаж буй хамтарсан Засгийн газраас гарах тухай шаардлагууд хууль ёсных юм.
Миний хувьд хамтарсан Засгийн газрын гэрээг төслийн үед нь харж байсан. Эцсийн гэрээг нь хараагүй. Анх энэ гэрээнд бүлгийн дарга нар гарын үсэг зурна гэсэн. Би бүлэг дээр танилцуулж, санал хурааж олонх дэмжсэн бол гарын зурна гэдэг байр суурь илэрхийлсэн. Тухайн үед бүлэг дээр танилцуулга хийгдээгүй. Гурван намын дарга нар гарын үсэг зурсан.
Намын даргыг солих асуудлыг Үндэсний бодлогын хороо хуралдаж шийдвэрлэнэ. Үндэсний бодлогын хорооны хурлын тов одоогоор тодорхой болоогүй байгаа. Улс төрийн намын тухай хуулиар намууд дүрмээ өөрчлөх ёстой. Үүний дараа зохион байгуулалтын асуудал яригдана.
Хамтарсан Засгийн газрын үед хийгдсэн томилгооны асуудалд янз бүрийн зүйл бий. Гэхдээ хэн нэгэн хүн МАН-д ажилд ороогүй. Монголын төрд төрийн албан хаагчаар ажилд орсон.
Би мега төсөл гэдэг үгэнд эмзэг ханддаг. Төр, төсөв, төрийн өмчит компани томроход дагаад авлигын асуудал гарч ирээд байна. Мега төсөл гэдэг нь дахиад төрийн өмчит том том төсөл, компани байгуулагдана гэсэн үг. Мега төслийн ард дахин мега хулгай гарна шүү. Мега төсөл нэрийн дор ардчилал хүний эрхийг хумьсан үйл явдлууд гардаг" гэв.
Үргэлжлүүлэн сэтгүүлчид түүнээс АН-ын дарга Л.Гантөмөрийг хэр сайн ажиллаж байгаа талаар тодруулахад "Миний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд одоогийнхоос илүү амжилттай оролцох боломжтой байсан гэж дүгнэдэг.
Ардчилсан Намын дарга Л.Гантөмөрийн "жагсаж буй залуучуудын ард захиалагчид байгаа, хэн нэгэн хүмүүсийн дохио зангаар явж байгаа" гэдэг үгэнд би жаахан эмзэглэсэн. Үзэл бодлоо илэрхийлж буй залуучуудыг үгүйсгэж байгаа нь зарчимгүй явдал. Тэр тусмаа Ардчилсан Намын даргын хувьд байж боломгүй зүйл" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
|