Индэр    
2025 оны 5 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн тулгалт, Бага хурлын шийдвэрийг сөрж чадах уу?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Брэндийн цүнхнээс эхэлсэн улс төр 

Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүй бэлгэнд авсан цүнхээ гайхуулсан сториг хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж хэн нэгэн хадгалж авчээ. Хадгалсан зураг нь хэдхэн сарын дараа хаданд гарч, төр үймүүлэх хэмжээний үнэд хүрэв.  

2023 оны арванхоёрдугаар сараас хойш идэвхгүй байсан "Ажлаа хий" пэйжид Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүйн тансаглалын зургууд анх нийтлэгдсэн. Эндээс эхлэн сэвэгдсэн зургууд олны анхаарлын төвд орж, нэгэнт бугшаад байсан нийгмийн бухимдлыг өдөөсөн юм. Залуус Төв талбайд цуглаж, Ерөнхий сайдаас орлогоо нотлохыг шаардаж эхэлсэн бол энэ нь өргөжсөөр Засгийн газрыг огцор гэдэг тулгалт болж хувирав.

Бэр охины брэндийн цүнхийг "тэсрэх бөмбөг" болгосон хүн нь хэн байв. Энэ бүхний цаана ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг байгаа гэх хардлага сошиалд давалгаалсан. Харин өчигдөр болоод маргааш өрнөх үйл явцаас харахад Н.Учрал бус дараагийн Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хүний талынхан үүнийг зохион байгуулжээ гэж харагдахаар.

Намын Бага хурал зарласны учир 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2025.5.19/ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, энэ Лхагва гараг буюу тавдугаар сарын 21-нд намын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулах шийдвэрт хүрсэн байна. 

Үүний дараа тэрбээр Ерөнхийлөгчтэй уулзаж, хэрхэхээ зөвлөлджээ. Магадгүй эндээс Л.Оюун-Эрдэнэ огцрох уу, хамтарсан Засгийн газар тарах уу, дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг улс төр эхлэв. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын уулзалтын талаар "Ерөнхийлөгч АН, ХҮН хоёрыг засгаас гарга гэсэн. Харин Ерөнхий сайд тэдэнгүй бол том төслүүд явахгүй гэдэг хариулт өгсөн" гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. 

Харин нөгөө талд төрийн тэргүүн Ерөнхий сайдад "Ажлаа өг" гэдэг тулгалт хийсэн гэх мэдээлэл байгаа. Алин боловч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэсэж үлдэхэд тун хүнд байдалд оржээ. Ордны гаднах иргэдийн жагсаал өдөр ирэх бүр өргөжиж нийгмийн дэмжлэгийг авсаар буй. Харин дотор талд дараагийн ээлжийнхэн хоолондоо орохоор яарч, намын зодоон нь идэвхжив. 

Энэ үед Бага хурлаа зарласан нь учиртай. Монгол Ардын Намын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байна гэж заасан бөгөөд хоёр нөхцөлд намын дарга огцорно. Эхнийх нь өөрийн хүсэлтээр, хоёр дахь нь Бага хурлын шийдвэрээр. Ийнхүү Бага хурлыг товлосон нь Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрохгүй гэдгээ маш тодорхой илэрхийлсэн хэрэг. Хэрэв өөрийн хүсэлтээр огцорвол орлогоо нотолж чадахгүй, хүүгийнхээ тансаглалын төлөө хариуцлага хүлээж байгаа хэрэг болох тул Бага хурлаас шийдвэр гаргуулах нь Л.Оюун-Эрдэнэд ашигтай байх хувилбар. 

Маргааш хуралдах Бага хурлын 479 гишүүний 70 гаруй хувь нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хүмүүс гэгддэг. Тэгэхээр тус хурлаас Ерөнхий сайдыг ажлаа үргэлжлүүлж хийх ёстой гэдэг шийдвэр гарах эсэх нь эргэлзээтэй. Мөн дээр нь Д.Амарбаясгалан нэг фракцад харьяалагддаг С.Амарсайханыг дараагийн Ерөнхий сайдад зүтгүүлж байгаа гэх мэдээлэл бий. Хэрэв үнэн бол маргаашийн Бага хурлаар хамтарсан Засгийн газрын байх эсэх мөн дараагийн Ерөнхий сайд хэн гэдэг нь тодорхой болно.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
95
Зураг
ТЭНЭГЛЭЛ
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа