Монгол Ардын Намын Удирдах зөвлөл болон Бага хурал маргааш /2025.5.21/ хуралдах гэж байна. Хурлаар улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцана хэмээн УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлсэн. Харин албан бус мэдээллээр цаашид хамтарсан Засгийн газар байх эсэхийг энэ хурлаар шийднэ гэдэг мэдээлэл байгаа. Маргааш болохоор товлогдсон Бага хурлын талаар болон хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудалд тус намын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Хурлаар юу ярихыг мэдэхгүй. Бага хурал болно гэдгийг сэтгүүлчдийн амнаас анх удаа сонсож байна. Нисэхийн салбарын 100 жилийн ой гээд гадуур завгүй явж байгаа. Надад мэдэх юм алга.
Шулуухан хэлэхэд, улсаа бодвол хамтраад явах хэрэгтэй. Харин төрөөрөө тоглоё гэвэл өөрсдөө л мэдэг. Нэг нам дангаараа явахгүй. Төр засаг тогтворгүй болно.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: МАН жилд хоёроос доошгүй удаа Бага хурлаа зарлах хуралдуулах дүрэмтэй. Энэ дүрмийн дагуу VI Бага хурлаа маргааш хуралдуулах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Энэ хурлаар Ерөнхий сайд Засгийн газрын тайлангаа танилцуулах байх. Бага хурлын гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлнэ. Мөн нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өргөн хүрээнд ярилцах байх. Би УЗ болон Бага хурлын гишүүн биш учраас хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас оролцоно.
Бага хурал намын даргад хариуцлага тооцохгүй. Намын дүрэмд Их хурлаараа намын даргаа сонгодог. Энэ онд намын Их хурал хуралдах товтой байгаа. Харин Бага хуралд хамтарсан Засгийн газрын газрын асуудлыг хэлэлцэх эрх нь байгаа. Ер нь хамтарсан Засгийн газрыг яах гэж байгуулсан бэ гэдгээсээ эхэлж ярина.
Би гадаа жагсаж байгаа залуусын үзэл бодлоо илэрхийлж байгаа дэмжиж байгаа. Ерөнхий сайдын хүүг 22-23 настай гэж ойлгосон. Эрх зүйн бүрэн чадамжтай учраас тэр залуу өөрөө орлогоо нотлох ёстой. Үүний дараа гэмт хэргийн шинжтэй асуудал байгаа бол хууль шүүхийн байгууллага шалгаад гэм буруутайг нь тогтоох хүртэл бид хэнийг ч гэм буруутай гэж үзэх боломжгүй.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Том төсөл гэдэг нь Монгол Улс шинэ шатанд гарч хөгжиж чадах уу үгүй юу гэдэг асуудал шүү дээ. Үндэсний баялгийн сан гэж олон жил ярьсан. Яг хууль нь хэрэгжээд, амилуулах болохоор Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байна. Тэгэхээр улс орны эрх ашгийн төлөө бүгд нэгдэх ёстой гэж бодож байна. Ганц нэг хувийн компанийн эрх ашгийн төлөө төр бөхийж болохгүй.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Засгийн газар тогтвортой байгаасай гэж хүсэж байгаа. Хамтарсан Засгийн газарт тодорхой хугацаа өгөх нь зөв болов уу гэдэг байр суурьтай байна. Ерөнхий сайдын гэр бүл, хүүхэдтэй холбоотой асуудал зохих хуулийн дагуу шийдэгдэх ёстой.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Нийгмийн бугшсан асуудлыг шийдэж, иргэдийн амьдралд тус болох шийдвэр гаргадаг засаглалын хэлбэрийг сонгоосой гэж хүсэж байна. Намын эрх ашиг, сөрөг хүчинтэй байх ёстой гэдэг бол дараагийн асуудал.
УИХ-ын гишүүн Б.Уянга: Хамтарсан Засгийн газрын зөвшилцөл ойлголцол аятайхан, хурдтай явчих шиг болсон. Тэгэхээр хамтарсан Засгийн газрын ажил үргэлжлээсэй гэж харж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
69 СЭТГЭГДЭЛТЭЙ
|