• 6 сарын 13, Баасан

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй дөрвөн тамирчин хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцох эрхээ авчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Хөнгөн Атлетикийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) ирэх есдүгээр сарын 13-наас 21-нийг дуустал Японы Токио хотод болох юм.

Энэ тэмцээнд манай улсаас марафоны төрөлд дөрвөн эрх авсныг Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо (World Athletics) зарлав. Тухайлбал эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 12 дахь удаагаа ДАШТ-д оролцохоор болов.

Мөн Ц.Бямбажав эх орноо төлөөлөн Токиод уралдах аж.

Эмэгтэйчүүдээс Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар цагийн болзол хангаж, ДАШТ-ийг зорихоор болсон.

Марафоны уралдаанд эрэгтэй, эмэгтэй тус бүр 100 тамирчин оролцоно. 

Сонирхуулахад марафоны ДАШТ-ий түүхэнд 46 нас, 85 хоногтойдоо оролцсон Патрик Дюпой хамгийн ахмад тамирчнаар тодорсон түүхтэй. 1995 оны ДАШТ-д оролцохдоо рекорд тогтоосон түүний амжилт одоог хүртэл эвдэгдээгүй байна. Харин Б.Сэр-Од 1981 онд төрсөн буюу ДАШТ-ий өдөр 43 настай байх юм.