"Монгол Улсын нисэх хүчний 100 жил"-д зориулсан шуудангийн маркийн нээлтийн ёслол өнөөдөр Зам Тээврийн Яам (ЗТЯ)-ны "Хөсөг" танхимд боллоо.
Уг ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар (ИНЕГ)-ын дарга Э.Төрбаяр, "Монгол Шуудан" хувьцаат компанийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн, Зэвсэгт Хүчний Агаарын Цэргийн Командлалын цэргийн нисэхийн инженер, техникийн албаны дарга, хурандаа Д.Шатаррагчаа нар оролцсон юм.
ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ю-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэх хүчин байгуулагдсан өдөр гэж үздэг. Нисэх хүчний 100 жилийн ойд зориулан гаргаж буй 880 дахь марк нь "Монгол Шуудан" компанийн түүхэнд сод бүтээл болж байгааг Б.Билгүүн онцоллоо.
Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "100 жилийн настай нисэх хүчний салбар өнгөрсөн хугацаанд эрчимтэй хөгжиж байгааг бид харж байна. "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлсэн зорчигчдын тоо 2.2 саяд хүрлээ. Цаашлаад 2025 ондоо багтаагаад 2.7 саяд хүргэх, 2030, 2035 он гэхэд 8.2 саяд хүргэхээр зорин ажиллаж буй тул хийх ажил их бий.
Хамгийн сүүлд "Hunnu Air" компани Бразил улсад үйлдвэрлэсэн "Embraer 195" загварын 136 хүний суудалтай цоо шинэ онгоцыг оруулж ирсэн. Энэ бол манай улсын хувьд маш том хөрөнгө оруулалт.
Үүнээс гадна орон нутгийн онгоцны буудлыг шинэчлэх, 4C, 4D ангиллын онгоцны буудал шинээр барих ажлыг эхлүүлсэн. Тухайлбал Өмнөговь аймагт "Гурван Сайхан" онгоцны буудал, Ховд, Хөвсгөл аймагт онгоцны буудал барихаар төлөвлөсөн. Саяхан Хэнтий аймгийн Өндөрхаан буюу Чингис хотод 3C онгоцны буудлыг ашиглалтад орууллаа" гэв.
Шинэ маркийг 8,000 хувь хэвлэсэн байна. Анхны өдөр дугтуй дээр хэвлэсэн тоо нь 580. Маркийн зураачаар н.Нямхүү ажиллажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!