Дэлхийн нийт цахилгаан автомашины гуравны нэгээс илүү хэсгийн батарейг үйлдвэрлэдэг Хятадын CATL (Contemporary Amperex Technology Co Limited) компани өчигдөр Хонконгийн хөрөнгийн зах зээлд хувьцаагаа зарж эхэлсэн нь энэ оны хамгийн том IPO (Initial Public Offering) арга хэмжээ болжээ.
Tesla, Volkswagen, Toyota зэрэг томоохон үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг тус компани энэ үеэр 35.7 тэрбум хонконг долларын ($4.55 тэрбум) хөрөнгө босгож, хувьцааны ханш нь 10 гаруй хувиар өссөн байна.
CATL өмнө нь Шэнжэний хөрөнгийн биржээр хувьцаагаа зарж эхэлсэн бөгөөд зах зээлийн үнэлгээ нь одоо нэг их наяд юаньд ($138.7 тэрбум) хүрээд байгаа юм.
2011 онд зүүн Хятадын Ниндэ хотод байгуулагдаж байсан тус компани одоо дэлхий даяар 13 үйлдвэртэй, 100,000 гаруй ажилчинтай.
Одоо Европ тивийн хоёр дахь үйлдвэрээ Унгарт байгуулж байгаа бөгөөд эхнийх нь 2023 оны эхээр Германд нээгдсэн юм.
Арванхоёрдугаар сард Chrysler брэндийг эзэмшигч Stellantis компанитай Испанид шинэ үйлдвэр байгуулах $4.3 тэрбумын гэрээг байгуулж байв. Уг үйлдвэр ирэх оны сүүлээр ашиглалтад орно.
CATL судалгаа хөгжүүлэлтийн чиглэлд асар их мөнгө зарцуулж, дэлхий даяар инновацын зургаан төвтэй болоод байгаа.
Өнгөрсөн сард тус компани таван минут цэнэглээд 520 км хүртэл зам туулах багтаамжтай шинэ батарей бүтээснээ танилцуулж байлаа.
CATL-ийн үйлдвэрлэсэн лити төмөр фосфатын батарейг Тесла компанийн Шанхай дахь үйлдвэр ашигладаг.
Гэвч АНУ-ын засаг захиргаа CATL компанийг тойрсон үндэсний аюулгүй байдлын асуудалд болгоомжтой хандаж байна.
Өнгөрсөн сард Конгрессын Хятадын асуудал хариуцсан байнгын хороо CATL-ийн IPO-д оролцохгүй байхыг уриалсан захиаг JPMorgan, Bank of America банкны гүйцэтгэх захирлуудад илгээж байжээ.
Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын батлан хамгаалах яам тус компанийг Хятадын зэвсэгт хүчинтэй хамтран ажилладаг байгууллагуудын жагсаалтдаа нэмж байв. CATL үүнийг няцааж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|