Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт дэвсгэрт хуучнаар Ленин клубийн ар талд барьж буй барилга байгууламжийг энэ сарын 9-ний өдөр албадан буулгасан. Уг үйлдлийг хууль бус гэж “Orgil MGL” ХХК-ийн өмгөөлөгч н.Түмэнбаяр хэлж байв.
Энэ асуудалд НЗДТГ-ын дарга Д.Амгалан "Нийслэл иргэдийн өмчид халдаагүй, хуулийн дагуу ажиллаж байгаа. Төрийн байгууллага холбогдох хуулийн дагуу тушаал, шийдвэр, захирамж гаргаж, биелэлтийг хангадаг. Энэ дагуу зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм. Уг захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулсан.
1927 оноос хойш Монгол Улс ОХУ-д/ЗХУ/ гэрээгээр газраа ашиглуулж байв. 2014 оныг хүртэл тухайн газар Ленин клубийн эзэмшилд байсан юм. 2014 оноос буюу Э.Бат-Үүл Засаг дарга байх үеэс Ленин клубийн газрыг бусдад захирамжилж, шилжүүлж эхэлсэн байдаг. 2017 онд энэхүү газрын маргааныг шийдэхийн тулд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези зүйн газраас Ленин клубийн эзэмшил газартай иргэний газрыг давхарлуулсан байна гэдгийг тогтоосон. Газрыг давхардуулсан байтал нэмээд барилгын ажлын зөвшөөрөл гаргаж өгсөн байсан. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа, эцсийн шийдвэр гараагүй.
2020 оноос эхэлж ОХУ-ын талаас "Манай эзэмшлийн газрыг хууль бусаар шилжүүлж, барилга барьж байгааг зогсоож өгнө үү" гэсэн ноот бичиг ирсэн юм. Энэ дагуу Хотын стандартын газраас барилгын ажлыг түдгэлзүүлж, хуулийн этгээдэд барилгыг зогсоох мэдэгдлээ өгсөн. Уг асуудалтай холбоотой шүүхийн маргаан дөрвөн жил үргэлжилсэн. 2024 онд барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь зөв гэсэн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл бусдын газар дээр барилга барьсан нь хууль ёсны байж чадахгүй гэсэн гурван шатны шүүхийн шийдвэр гарсан.
Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн нийслэлийн зүгээс зөвшөөрлийг цуцална, газрыг чөлөөлнө гэдгээ албан ёсоор мэдэгдсээр ирсэн. ОХУ-аас өөрийн газар, өмчийг баталгаажуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар бидэнд олон удаа хандсан. Хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдаагүй. Нийслэлийн Засаг дарга Барилгын тухай хуульд заасны дагуу хууль бус, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг албадан буулгах захирамж гаргах эрхтэй. Энэ дагуу гарсан шийдвэрийг хэрэгжүүлж байгаа.
НЗДТГ-аас боломжтой байршил, хохирол, нөхөн төлбөр учирсан гэж үзэж байгаа бол нотлох баримт материалаа ирүүлэх талаар хуулийн этгээдтэй хоёр удаагийн уулзалт зохион байгуулсан. Хохирол учирсан болон бусад нөхцөл байдал тогтоогдвол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу асуудлыг шийднэ.
Харин зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан бол буруутай хуулийн этгээдээр буулгуулсан зардлыг төлүүлэх хуультай" гэж өнөөдөр/2025.05.13/ Төрийн ордон дотор тайлбар өгөв.
Ленин клубийн ар талд барьж буй барилгыг буулгахад 1.3 тэрбум төгрөгийн зардал гарах аж.
Түүний мэдээлснээр Э.Бат-Үүл даргын үед "Дэлгэр Интернэшнл" компанид 322 м.кв талбайг оффис, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Ленин клубийн ар талын барилгыг буулгасны дараа газрыг хэрхэн ашиглах тухайд "ОХУ хууль ёсны дагуу эзэмшиж байгаа тул эзэмшлийнхээ дагуу ашиглана. 1981 онд Улаанбаатар хотын ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны тогтоол гарч уг газрыг хугацаагүй, төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг. Гэхдээ ОХУ-ын талтай хэлэлцээр хийж газрын ашиглалт, эзэмшлийг Монгол Улсын Газрын тухай хуульд нийцүүлэх шаардлага бий" хэмээв.
ОХУ-аас газрын өмчтэй холбоотойгоор шахалт үзүүлж байгаа юм уу? гэсэн сэтгүүлчийн асуултад "Бид мөнхийн хөрш ОХУ-тай эдийн засаг, соёл, нийгмийн найрамдалт харилцаатай. Найрамдалт харилцааны хүрээнд маргаантай өмч, объект, газрын асуудлаар хоорондоо хэлэлцээр хийдэг" гэлээ.
Мэдээллийг Зөв.мн шууд дамжуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!