Ираны ерөнхийлөгч дайныг дуусгахад шаардлагатай гурван нөхцөлийг зарлав
АНУ, Израилийн өдөөсөн дайныг зогсоохын тулд гурван нөхцөлийг биелүүлэх шаардлагатайг Иран улсын ерөнхийлөгч Масуд Пезешкиан хэдхэн цагийн өмнө сошиал хуудсаараа мэдэгджээ.
“Орос, Пакистаны удирдагчидтай утсаар ярихдаа би бүс нутагт энх тайвныг тогтоох Ираны амлалтыг дахин нотоллоо. Сионист дэглэм болон АНУ-ын өдөөсөн энэ дайныг зогсоох цорын ганц арга зам бол Ираны хууль ёсны эрхийг хүлээн зөвшөөрөх, нөхөн төлбөр төлүүлэх, цаашид дахин түрэмгийлэл гаргахгүй байх олон улсын баталгаа өгөх юм” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.
Ираны арми дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн тавны нэг дайран өнгөрдөг Ормузын хоолойд өчигдөр гадаадын хоёр хөлөгт довтолсон нь нөхцөл байдлыг улам хурцатгаад байгаа.
Энэ үеэр Тегераны эрх баригчид баррель газрын тосны үнэ $200 хүрэхэд бэлдэхийг дэлхий дахинд анхааруулсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хариуд нь Ормузын хоолойгоор зорчих газрын тос тээвэрлэгч хөлгүүдийг Ираны халдлагаас хамгаалахаа амласан байна.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
