Zara брэндийн үүсгэн байгуулагч өнгөрсөн оны бизнесийн үр дүнгээс 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэхээр болжээ
Өнгөрсөн онд түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан тул Zara брэндийг үүсгэн байгуулагч 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэхээр болсныг Испанийн хувцас үйлдвэрлэл, жижиглэн худалдааны Inditex компанийн удирдлага өчигдөр мэдээлжээ.
Zara-гаас гадна Bershka, Massimo Dutti, Pull&Bear, Stradivarius, Oysho зэрэг брэндүүдийг эзэмшдэг Inditex нь дэлхийн хамгийн том бэлэн хувцасны жижиглэн худалдааны компани юм.
Үүсгэн байгуулагч, тэрбумтан Амансио Ортега компанийнхаа 59 хувийг эзэмшдэг бөгөөд охин Марта Ортега нь одоо гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Тэрбээр бусад хувьцаа эзэмшигчдийн нэгэн адил ноогдол ашгийнхаа талыг тавдугаар сард, үлдсэн талыг арваннэгдүгээр сард авах юм байна.
Өчигдөр Inditex компани 2025 оны сайн гүйцэтгэлийн үр дүнд ногдол ашгийн хэмжээг өмнөх жилээс 4 хувиар өсгөх болсныг зарлажээ.
Ортега өнгөрсөн онд 3.1 тэрбум еврогийн ногдол ашиг хүртэж байсан юм. Түүний хөрөнгийн хэмжээ ойролцоогоор $126.7 тэрбум бөгөөд үүгээрээ дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 15 дугаарт бичигдэж байна.
Дэлхийн 90 гаруй оронд 5,460 салбар дэлгүүртэй, 160,000 гаруй ажилтантай Inditex компанийн борлуулалт 2026 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх нэг жилийн хугацаанд 3.2 хувиар өсөж, 39.9 тэрбум евро хүрчээ.
Өчигдөр танилцуулсан санхүүгийн тайлангаас харвал татварын өмнөх ашиг нь өмнөх жилээс 5.8 хувиар өсөж, 8 тэрбум евро хүрсэн байна.
Inditex өнгөрсөн онд дэлхий даяар 103 салбараа хаасан ч тэдгээрийг илүү том салбаруудтайгаа нэгтгэсэн нь борлуулалтыг нэмэгдүүлсэн гэнэ.
Энэ сард нас сүүдэр 90 хүрч буй Ортега 1975 онд Испанийн хойд хэсгийн Галисиа мужийн Ла Коруна хот дахь жижиг дэлгүүрээс Zara брэндээ анх гаргаж байжээ.
Тэрбээр цамц оёдог үйлдвэрийн хүргэлтийн ажилчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн гэдэг.
Өмнөх жилүүдэд Ортега ногдол ашгаа Лондон, Нью-Йорк, Майами зэрэг хотуудад үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад зарцуулж байсан гэдэг.
Энэ нь Испани улсын баялгийн татвартай холбоотой алхам юм.
Испани нь бүрэн хэмжээний баялгийн татвартай Европын Холбооны цорын ганц улс бөгөөд олсон ашгаа 12 сарын дотор ямар нэг эдийн засгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулбал татвараас чөлөөлөгддөг юм байна.
Энэ жил Inditex компани үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлж, АНУ, Норвеги, Дани улсуудад шинэ дэлгүүр нээж, Карибын тэнгисийн Курасао арал дээр анхны дэлгүүрээ нээхээр болжээ.
Мөн хиймэл оюуны технологи ашиглан онлайн худалдан авагчдын аватарт тухайн хувцсыг өмсгөсөн зураг үүсгэж харуулах үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
