ИНФОГРАФИК: Монгол Улсын нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 2.63 байна
Сүүлийн хэдэн арван жилд хүн ам нь тогтвортой өссөн Монгол Улс өдгөө шинэ төрлийн хүн ам зүйн шилжилтийн үе шатанд ирээд байна.
Монгол Улсын хэмжээнд 2025 онд гэхэд 56.7 мянган хүүхэд төрж төрсөн хүүхдийн тоо өмнөх оноос 5.8 хувиар буурчээ. Хэдийгээр нийт хүн амын тоо нэмэгдсээр байгаа ч хөгжингүй орнуудын нэгэн адилаар манай улсад төрөлтийн түвшин аажмаар буурах хандлага ажиглагдаж эхэлсэн байна. Эдгээр өөрчлөлтүүд нь ойрын үед шууд хямрал үүсгэхгүй байж болох ч урт хугацаандаа хүн амын насжилт, ажиллах хүчний бүтэц, эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлөх олон талт сорилтуудыг дагуулж болзошгүй юм.
Энэхүү дата өгүүлэмжээр Монголын хүн амын өөрчлөлтийн шалтгаан, үр дагавар, цаашдын боломжит чиг хандлагыг график мэдээлэлд тулгуурлан тайлбарлахыг зорилоо.
1918 оноос хойших Монгол Улсын хүн ам
Үндэсний Статистикийн Хорооноос тодорхойлсноор МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ-д Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон гадаадад зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа Монгол Улсын харьяат хүн амыг хамруулна гэжээ.
Улс орны хүн амын өсөлтөд төрөлт, нас баралт, гадаад шилжих хөдөлгөөн гэсэн гурван үндсэн хүн ам зүйн үзүүлэлт шууд нөлөөлдөг ба хүн амын тооны өөрчлөлт нь улс орны тухайн үеийн нийгэм, эдийн засгийн хөгжил, ард түмний аж байдлын түвшин, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг олон хүчин зүйлтэй уялддаг.
Монгол Улсын тухайд анх 1918 онд Богд Хаант Монгол улсын засгийн газраас хүн ам, мал сүргийн тооллогыг зохион байгуулсан бөгөөд энэ тооллогоор 542.5 мянган монгол, 100 мянган хятад, 5 мянган орос хүн бүртгэгдсэн гэж үздэг. Энэ цагаас хойш Монгол Улс албан ёсоор 11 удаа хүн амын тооллого явуулж, Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээлснээр 2024 оны байдлаар Монгол Улс 3.545 сая хүнтэй болжээ.
График. Монгол Улсын нийт хүн ам /1918-2024 он/
XX зууны Монгол Улсыг төсөөлбөл өнөөдрийнхөөс тэс өөр дүр зураг харагдана. Хүн ам цөөн, амьдралын нөхцөл хязгаарлагдмал, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмж муутай, гэр бүлүүд олон хүүхэдтэй байх нь хэвийн үзэгдэл байв. Харин өнөөдөр бид илүү олон хүнтэй атлаа илүү цөөн хүүхэдтэй, илүү урт насалдаг, илүү өөр амьдралын хэв маягтай нийгэмд амьдарч байна.
Юуны өмнө нийт хүн амын үзүүлэлтийг харахад Монгол Улс хүн амаа албан ёсоор тоолж эхэлсэн цагаас хойш бараг тасралтгүй нэмэгдсээр ирсэн нь анзаарагдана. Зарим үед өсөлтийн хурд саарсан, тухайлбал 1990-ээд оны эдийн засгийн шилжилтийн жилүүдэд тодорхой хэмжээгээр тогтворгүй байдал ажиглагдсан ч нийт чиг хандлага хэзээ ч бууралт руу эргээгүй, харин ч урт хугацаандаа тогтвортой өсөлтөө хадгалж иржээ.
Өнгөрсөн зууны дунд үед тав хүртэлх насны хүүхдүүдийн гуравны нэг нь энддэг байжээ
1950, 1960-аад онд нэг эмэгтэй дунджаар зургаагаас дээш хүүхэд төрүүлдэг байсан нь өнөөдрийн ойлголтоор бараг төсөөлөгдөшгүй өндөр үзүүлэлт юм. Энэ нь тухайн үеийн нийгмийн бүтэцтэй салшгүй холбоотой бөгөөд мал аж ахуй давамгайлсан манай оронд хүүхэд олон байх нь гэр бүлийн баталгаа, амьдралын бат бөх тулгуур, хөдөлмөрийн гол хүч болдог байлаа.
Гэвч энэ өндөр төрөлтийн цаана өөр нэг бодит асуудал байсан нь нялхсын эндэгдэл юм. Тухайн үед эрүүл мэндийн үйлчилгээ хязгаарлагдмал, халдварт өвчин түгээмэл байсан тул амьд төрсөн хүүхдийн тодорхой хэсэг нь нэг нас хүрэхээсээ өмнө энддэг байв. Өөрөөр хэлбэл олон хүүхэд төрүүлэх нь зөвхөн уламжлал биш, тодорхой хэмжээнд “эрсдэлийн хариу үйлдэл” байжээ.
Харин эрүүл мэндийн салбар хөгжихийн хэрээр байдал өөрчлөгдөж вакцинжуулалт, эх нярайн тусламж үйлчилгээ сайжирснаар нялхсын эндэгдэл огцом буурч, хүүхэд бүрийн амьд үлдэх магадлал нэмэгдсэн байна.
Ингэснээр олон хүүхэдтэй байх “шаардлага” аажмаар буурч, гэр бүлийн шийдвэр өөрчлөгдөж эхэлжээ.
НҮБ-ын хүн амын хэтийн төлөвийн тайланд дурдсанаар Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1950 онд 30.4 хувьтай буюу 3 хүүхэд тутмын бараг 1 нь 5 нас хүрч чадалгүй нас бардаг байсан бол өдгөө энэ тоо 1.1% буюу 30 дахин бага болсон нь сайшаалтай. Гэвч энэ үзүүлэлт хөгжингүй орнуудын эндэгдлийн түвшинтэй харьцуулахад өндөр хэвээр байгаа юм.
График. 5 хүртэлх настай хүүхдийн эндэгдлийн түвшин /1950-1924 он/
Түүнчлэн хотжилт нэмэгдэж, боловсролын хүртээмж тэлж, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөхийн хэрээр “олон хүүхэдтэй байх” ойлголт аажмаар “чанартай амьдрал” гэх шинэ үнэт зүйлээр солигдож эхэлсэн. Үүний үр дүнд төрөлтийн түвшин тасралтгүй буурч, өнөөдөр Монголын нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо гурав хүрэхгүй болов.
Нийгмийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж, эдийн засгийн хувьд ч хүндхэн нөхцөл байдалд орсон 1990-ээд оны үед хүмүүсийн амьдралын шийдвэрүүд ч дагаад өөрчлөгдсөн. Тэр дундаа хүүхэд төрүүлэх шийдвэр хамгийн түрүүнд хойш тавигдаж, төрөлтийн түвшин богино хугацаанд огцом буурчээ.
Харин 2000-аад оны дунд үед эдийн засгийн өсөлт, ялангуяа уул уурхайн салбарын идэвхжил Монголд богино хугацааны “сэргэлт”-ийг авчирсан. Орлого нэмэгдэж, ирээдүйд итгэх итгэл сэргэхийн хэрээр төрөлт хэсэг хугацаанд дахин өссөн бөгөөд энэхүү өсөлт 2010 оноос хойш дахин буурч, өдгөө илүү тогтворжиж, өсөлтийн үеэс доогуур түвшинд шилжсэн байна.
Нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоогоор 1960-аад оны дунд үед 7.4 буюу оргилдоо хүрээд байсан Монгол Улсын төрөлтийн түвшин 2024 оны байдлаар 2.63 болоод байгааг НҮБ-ын хүн амын төрөлтийн мэдээллийн сангийн тайланд дурдсан.
График. Монголын нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо /1950-1924 он/
Төрөлт өмнөх үеэс буурч байгаа ч Монголын хүн амын өсөлт хэвээр байна. Өнгөрсөн зууны дунд үед нэг саяд хүрэхгүй байсан хүн ам өнөөдөр дөрөв дахин нэмэгдэж, 3.5 сая давжээ. Энэ өсөлт нь зөвхөн өнөөдрийн төрөлтөөс бус өмнөх үеийн өндөр төрөлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл залуу хүн ам олон байгаа цагт төрөлт буурсан ч нийт хүн ам тодорхой хугацаанд өссөөр байх боломжтой юм.
Гэхдээ энэ өсөлт урт хугацаанд үргэлжилдэггүй гэдгийг судлаачид хэлдэг. Хүн амын судалгаанд “орлуулах түвшин” (Replacement level fertility) гэх ойлголт бий. Уг ойлголтоор нэг эмэгтэй дунджаар 2.1 хүүхэд төрүүлж байж хүн ам урт хугацаанд тогтвортой хадгалагдана гэж үздэг. Монгол одоогоор энэ түвшнээс дээгүүр байгаа ч чиг хандлага нь доошилж буй нь анзаарагдана. Хэрэв энэ бууралт үргэлжилбэл өнөөдрийн залуу бүтэц аажмаар өөрчлөгдөж, хүн амын хөгшрөлт бодит сорилт болж хувирах магадлалтай.
Нэг талаас одоогоор бид залуу, өсөлттэй, боломж дүүрэн улс хэвээр боловч нөгөө талаас энэ давуу тал аажмаар багасаж, дэлхийн бусад орнуудын туулсан зам руу орох магадлалтай байгаа юм.
