2024 оноос хойш аавынхаа автомашинд хоригдсон есөн настай хүүг Францын цагдаа нар аварчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Францын зүүн хязгаарт 2024 оноос хойш аавынхаа фургон загварын автомашинд хоригдож байсан есөн настай хүүг цагдаа нар аварчээ.

Швейцар, Германы хилийн ойролцоох Хагенбах тосгонд зогсох тээврийн хэрэгсэл дотроос “хүүхдийн чимээ” гарч байгаа талаар иргэд цагдаад мэдээлсэн юм байна.

Автомашины хаалгыг цагдаа нар хүчээр нээхэд “хөнжлөөр нүцгэн биеэ хучиж, хог хаягдал, ялгадас дунд хэвтэж байгаа” хүүг олсныг орон нутгийн прокурор Николас Хэйц мэдээлжээ.

Хүү хоол тэжээлийн дутагдалд орж, удаан хугацаанд сууснаас алхаж чадахгүй болсон байсан гэнэ.

Хүүгийн аав болох 43 настай эр цагдаад өгсөн мэдүүлэгтээ 37 настай хамтран амьдрагч нь "хүүхдийг сэтгэцийн эмчилгээнд оруулахыг хүссэн тул түүнээс зугтаалгахын тулд” нууснаа тайлбарлажээ.

Тэд хүүгийн 12 настай эгч, 10 настай эцэг нэгтэй эгч нарын хамт нийтийн орон сууцанд амьдардаг юм байна.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр аав нь хүүдээ өдөрт хоёр удаа хоол, ус авчирч өгдөг байсан гэнэ. Хүү хуванцар саванд шээж, хогийн уутанд бие засдаг байсан бөгөөд 2024 оны сүүлээр хамгийн сүүлд усанд орж байжээ.

Аавынх нь мэдүүлснээр түүний хамтран амьдрагч хүүг автомашинд байгааг мэдээгүй гэнэ.

Прокурорууд хүүгийн аавд “насанд хүрээгүй хүнийг барьцаалан саатуулсан, зохих хоол хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулаагүй” хэрэгт буруутгаж, цагдан хорьжээ.

Түүний хамтран амьдрагчийг “аюулд орсон хүүхдэд туслаагүй, насанд хүрээгүй хүнтэй зүй бусаар харьцсан үйлдэлд саад хийгээгүй” хэрэгт буруутгаж, хорьсон ч батлан даалтаар сулласан байна.

Гурван хүүхдийг шүүгчийн шийдвэр гарах хүртэл асрамжийн газарт шилжүүлжээ.

Хөршүүд нь хүүг 2024 оны сүүлчээс эхлэн гэнэт алга болсон, гэхдээ асрамжийн газарт байгаа гэж ааваас нь сонссоноо цагдаад мэдүүлсэн байна.

Орон нутгийн зарим иргэд автомашинаас хааяа чимээ гарахыг сонсдог байсан ч эзэн нь муур гэж тайлбарладаг байжээ.

“Бид үүнийг огт ойлгохгүй байна. Энэ бол аймшигтай хэрэг, бүр хэлэх үг олдохгүй байна. Үүнийг зүүд байгаасай, маргааш сэрэхэд ийм зүйл болоогүй байгаасай гэж би одоо болтол бодсоор байна” гэж өөрийгөө Даниэл гэж танилцуулсан хөршүүдийн нэг нь орон нутгийн хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: AFP