АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ
УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжил хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох хууль дээр АН-ын бүлэг завсарлага авсан. Энэ завсарлагатай холбоотой асуудалд бид байр сууриа нэгтгэлээ.
Өнгөрсөн хугацаанд АН-ын дотоод сонгууль болж байсан учраас УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль дээр байр сууриа нэгтгэх боломж хомс байсан. Өнөөдрийн бүлгийн хуралд 25 гишүүн оролцсоноос 25-уулаа энэ хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг шийдвэр гаргалаа. Өөр байр суурьтай гишүүд өөрийн итгэл үнэмшлээр оролцож болно.
УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага иргэдтэй адил үйлчлэх ёстой. Одоогийн хуульд ч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт бий. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахдаа шүүхээс шийдвэр гараад УИХ-д хүргэгдсэнээр, Үндсэн хуулийн цэцээс шийдвэр гараад УИХ-д танилцуулснаар тухайн гишүүнийг эгүүлэн татагдсанаар тооцно гэсэн байгаа. Энэ нь УИХ-ыг дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулагдаж байна. Энэ бол парламентын тогтолцооноос ухарсан хэрэг юм.
Энэ хуулийн төслийн санал хураалт Пүрэв гарагт болно. Түүнээс өмнө АН-ын Улс төрийн зөвлөлийг хуралдуулах шаардлага үүслээ гэж бид харж байна. Энэ асуудал дээр улс төрийн нам улс төрийн байр сууриа нэгтгэх ёстой гэж үзэж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
