Б.Мөнхбат: Цахим орчинд нийтлэгдсэн бичлэг дээрх үе тэнгийн дээрэлхэлтийн хэргийг энэ сард багтан шийдвэрлэнэ
Үе тэнгийн дээрэлхэлт хүүхдүүдийн дунд нэлээд байгаа нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Өнгөрсөн онд гэхэд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байсныг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас өнөөдөр зохион байгуулсан "Эвдрээгүй ирээдүй" хэмээх аяны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Түүнчлэн нэгнээ дээрэлхэж, биед нь хүнд гэмтэл учруулсан бол 12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэрэгт тооцогддог гэдгийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан анхааруулсан юм.
Тус хэвлэлийн хурлын үеэр олон нийтийг цочроосон үе тэнгийн дээрэлхэлтийн хэргийн шалгалтын явцын талаар тодруулахад ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат "Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар Хүүхэд хамгааллын тухай хуульд тодорхой заасан. Хэд хэдэн хүүхэд нэг хүүхдийн биед халдах, биеэр болон цахимаар халдах, заналхийлэх зэрэг үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй бол тухайн зүйл хэсэгт хамаарах зүйлчлэлээр мөрдөх шалгах ажиллагааг явуулдаг. Харин гэмт хэргийн шинжгүй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалгагдана. Цагдаагийн байгууллага нь мөрдөн шалгах болон зөрчил шалгах ажиллагааг хамтад нь явуулдаг.
Цахимд хүүхдүүд нэгэндээ халдаж буй бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дөрөвдүгээр сард багтан шийдвэрлэгдэх байх. Уг хэрэгт хэдэн хүүхэд холбогдон шалгагдаж байгаа талаар мэдээлэх боломжгүй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
