СУДАЛГАА: Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудал гарахад эцэг, эхийн дийлэнх нь хүүхдээ өмөөрдөг байна
Нийслэлийн 8 дүүргийн ерөнхий боловсролын 22 сургуулийн хүүхдүүдээс үе тэнгийн дээрэлхэлтийн талаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хэсгийнхэн судалгаа авчээ.
Ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насныхны үе тэнгийн дээрэлхэлтийн өнөөгийн байдлыг тодорхойлох зорилготой уг судалгааг сургуулийн нийгмийн ажилтан болон удирдлагуудтай хамтран түүврийн аргаар, цахим хэлбэрээр явуулсан бөгөөд 8 дүүргийн 22 сургуулийн 8-10 дугаар ангийн 1,093 сурагч, 213 эцэг, эх, асран хамгаалагч хамрагджээ.
Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 71.9% нь үе дээрэлхэлтийн талаар мэднэ, тодорхой хэмжээний ойлголттой гэж хариулсан байна.
Үе тэнгийн дээрэлхэлтийг дүүргээр авч үзвэл:
- Багахангай дүүрэг 35.7%
- Хан-Уул дүүрэг 33.1%
- Баянзүрх дүүрэг 30.6%
- Налайх дүүрэг 25%
- Баянгол дүүрэг 22.9%
- Сүхбаатар дүүрэг 20.9%
- Чингэлтэй дүүрэг 17.2%
- Сонгинохайрхан дүүрэг 15.2% эзэлж байна.
Багахангай, Хан-Уул дүүргийн 3 сурагч тутмын 1 нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг гэсэн дүн гарчээ. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн сурагчдаас давтамжийг тодруулахад сурагчдын гуравны хоёр нь 3 хүртэлх удаа гэж хариулжээ. Харин 22 сурагч буюу судалгаанд хамрагдсан 1,093 сурагчийн 2% нь 10 болон түүнээс дээш удаа, тодруулбал байнга үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг байна.
Харин үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн сурагчид хэнд хандахаа төдийлөн мэддэггүй бөгөөд 44.5% нь интернэтээс хайдаг, 19.7% нь сургуулийнхаа нийгмийн ажилтанд, 17.3% гэр бүлдээ, 11.8% нь багшдаа, 3.4% найз, нөхдөдөө, 2.9% нь цагдаад ханддаг гэжээ. Үүнээс харахад үе тэнгийн дээрэлхэлт даамжрах, нуугдмал байдлаар хүрээгээ тэлэх нөхцөл бүрддэг байна.
Үе тэнгийн дээрэлхэлт бусдыг доромжлох, цуурхал тараах, бүлгээс гаргах буюу тусгаарлах, заналхийлэх, биед халдах гэсэн зонхилох хэлбэрүүдээр илрэх бөгөөд дээрх судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 22.1% нь цахим дээрэлхэлтэд өртсөн байна. Ингэхдээ Хан-Уул дүүргийн цахим дээрэлхэлтийн хувь 35.5% байна.
Харин өсвөр насны сурагчдын хувьд бие махбодын болон сэтгэл зүйн бие даасан байдал нь чухал нөлөөтэй ба бусдын хувийн орон зайд халдах, түүнийг хэвийн гэж үзэх нь үе тэнгийн дээрэлхэлтийн илрэл юм. Уг хариултын хувьд суралцагчид төөрөлдсөн байр суурьтай буюу зарим тохиолдолд “Тийм” гэж 40 орчим хувь нь хариулсан байна. Тиймээс үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголтын хүрээ, хэлбэрийг нарийвчлан багтаамж болон агуулгыг гүнзгийрүүлж өгөх шаардлагатай. Мөн үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд өөрийн сэтгэл зүйгээ удирдах, хянах аргуудыг ашиглаж чадах байдлыг тодруулахад нийт сурагчдын 58% нь тийм, 34.4% нь тийм аргыг мэдэхгүй хэмээн хариулсан байна.
Эх сурвалж: НИТХ-ын хэвлэлийн алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
