Таны хүүхэд дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд та юу хийж БОЛОХ, БОЛОХГҮЙ вэ?
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслээс 2020 онд гаргасан "Үе тэнгийн дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх аргачлал" гарын авлагаас зарим хэсгийг онцлон хүргэж байна.
Боловсрол эвслийн гишүүд өөрсдийн мэдлэг, туршлагад суурилан энэхүү аргачлал, гарын авлагыг боловсруулсан бөгөөд сургууль дээрх хүчирхийлэл, ялангуяа үе тэнгийн дарамт дээрэлхэлт нь сурлагын амжилт, хүүхдийн хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд сөрөг нөлөөтэй тул сургуулийн хамт олны оролцоотой хэрэгжих үйл ажиллагаануудыг багш, гэр бүлийн гишүүд, суралцагч гэсэн гурван оролцогч талд зориулан тодорхойлсон байна.
Таны хүүхэд дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд та юу хийж БОЛОХ вэ?
1. Эхлээд хүүхдээ сонс.
Хүүхдэдээ итгэ. Хажууд нь үргэлж хамт байна гэдгээ ойлгуулаарай. Юу болсон бэ? гэж асуугаад хүүхдээ чимээгүй сонс. Хүүхэд болсон явдлын талаар ярьж дууссаны дараа Хэн, Хаана, Хэзээ гэх мэт асуултыг асууж баримтыг цуглуул. Хэрэв шууд эдгээр асуултууд руу үсэрвэл зарим чухал мэдээллийг орхигдуулах магадлалтай.
2. Чиний буруу биш.
Хэн ч дээрэлхүүлэх ёсгүй. Та хүүхдээ “Хэрвээ ингэсэн бол….” Хэрвээ тэгээгүйсэн бол… гэх мэтээр бүү шүү. Таны хүүхдэд таны тусламж л хэрэгтэй. Дээрэлхсэн хүүхэд таны хүүхдийг: “хүндлэл хүлээх ямар ч үнэ цэнгүй нэгэн; өөрийгөө хамгаалж чадахгүй; сургууль дээр чамд юу ч тохиолдсон чи яаж ч чадахгүй; бүгд чамд дургүй” гэх хандлагаар хандаж дээрэлхсэн шүү гэдгийг санаарай.
3. Хариу арга хэмжээ
“Чамд яаж тусалж болох вэ? Чамд туслахад бэлэн байна, итгэл найдвараа бүү алд, Чи ганцаархнаа асуудлыг шийдэх гэсний хэрэггүй, хамтдаа үр дүнд хүрэх төлөвлөгөө боловсруулъя” гэх мэтчилэн хүүхэдтэйгээ ярилцаарай. Дээрэлхэлтийн эсрэг тууштай сөрөн тэмцэх, аюулаас зайлсхийх арга замыг олоход нь та тусалж чадна. Ингэснээр та хүүхдэдээ хүчээ эргүүлэн олж авах, өөрт байгаа авьяас чадвараа хөгжүүлэхэд нь тусалж байна гэсэн үг. Та хүүхэдтэйгээ ямар хариу арга хэмжээ авч болох талаар ярилцаж, сонголтуудад нь анализ хийж, нөхцөл байдлыг бүр дордуулах эсвэл аюултай байдалд оруулах, хүчирхийллийг өдөөх арга хэмжээг нь ялган таниулж хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Улмаар таны хүүхэд бүтээлч байдлаар тууштай дээрэлхэлтийн эсрэг тэмцэх боломжтой.
4. Дээрэлхэлтийн талаар сургуулийн ажилтнуудад мэдээлээрэй.
Таны хүүхэд дээрэлхэлтэд өртсөн талаар таны хүүхдийн багш мэдэх хэрэгтэй. Та тодорхой баримтуудыг мэдээлээрэй. Тухайлбал сар өдөр, цаг, хаана, хэн гэдэг хэдэн хүүхэд оролцсон, таны хүүхэд хэрхэн хохирсон талаар мэдээлэл өгөөрэй. Мэдээлэл өгсний дараа таны хүүхдийг хамгаалах тал дээр ажиллаж байгаа эсэхийг, өөр хэн нэгний хүүхэд дээрэлхэлтэд өртөж байгаа эсэхийг, дээрэлхэгч хүүхдэд шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийн эерэг арга хэмжээ авч байгаа эсэхийг араас нь нягталж хяналт тавиарай. Харин том хүүхдүүдийн хувьд эцэг эх асран хамгаалагчаа сургууль дээр дээрэлхэлтийн асуудлаар очуулах дургүй: Учир нь байдлыг бүүр дордуулна гэсэн итгэл үнэмшилтэй байдаг.
Таны хүүхэд дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд та юу хийж БОЛОХГҮЙ вэ?
1. Дээрэлхэлт бол хүн бүрийн туулдаг байдаг л зүйл дээрэлхэгч хүүхдээс хол бай гэж зөвлөж огтхон ч болохгүй.
Дээрэлхэлт бол бие махбод болон сэтгэл зүйн хувьд өвдөлт өгдөг зүйл. Энэ бол зөрчил биш, тоглоом төдий биш, дээрэлхэлт бол эртнээс төлөвлөсөн, зорилготой, онилсон үйлдэл. Дээрэлхэж байгаа хүүхдээс хол бай гэж та өөрийн хүүхдэдээ хэлснээр чи ганцаараа энэ асуудлыг шийд чамд туслах хүн алга гэж хэлж байгаатай ижил.
2. Хүүхдэдээ асуудлыг нь шийдэж өгөх гэж бүү яараарай.
Таны хүүхэд бие махбодын хувьд хүнд гэмтэл аваагүй бол та нөхцөл байдлыг хяналтдаа оруулах гэж яаран зүтгэснээр дээрэлхэгч хүүхдэд “таны хүүхэд бол дээрэлхэлтийн бай мөн” гэсэн мессэж өгч байгаа гэсэн үг. Мөн үе тэнгийнхэн нь дээрэлхэгч хүүхдийг өмөөрч, таны хүүхэд бол ноомой нэгэн, ээжийн эрх хүүхэд хэмээн буруушаах болно. Харин та хүүхдэдээ өөрийгөө хамгаалах, ухаалгаар дээрэлхэлтийн тохиолдлыг давж гарах аргуудыг заа. Дээрэлхэгч хүүхдэд ч мөн хэрхэн бусдыг дээрэлхэхгүй байхыг томчууд зааж сургах хэрэгтэй.
3. Дээрэлхүү хүүхдээс хол бай гэж хүүхдэдээ бүү хэлээрэй.
Ингэж хэлснээр та хүүхдэдээ зугтаад бай, нуугдаад бай, энэ айдсаа тээгээд яваад бай гэсэн мессэжийг өгч байна гэсэн үг. Дээрэлхэл үйлдэгч хүүхэд айдастай байгаа нэгнийг андахгүй мэднэ. Аюулаас нэн даруй зайлсхийхийн тулд дээрэлхэлтээс зугтаж болно. Гэхдээ энэ бол дээрэлхэлтийг шийдэх урт хугацааны шийдэл биш.
4. Эргүүлээд өөрийг нь дээрэлх гэж хүүхдэдээ бүү хэлээрэй.
Яагаад гэвэл дээрэлхэгч хүүхэд хүчний хувьд таны хүүхдээс илүү гэдгээ мэдрээд таны хүүхдийг сонгон дээрэлхэж байгаа. Хэрвээ таны хүүхэд эргүүлж дээрэлхэх гэж байгаад хохирвол дараа түүнийг илүү ихээр хохироох дээрэлхэл хүлээнэ. Өөрийгөө хамгаал гэхдээ өөртөө итгэлтэйгээр ухаалгаар хамгаал. Эргүүлж харилцан дээрэлхдэг хүүхдээс илүү өөрийгөө ухаалгаар итгэлтэйгээр хамгаалдаг хүүхэд илүү амжилттайгаар дээрэлхэлтийг сөрж зогсоодог.
5. Дээрэлхэгч хүүхэдтэй мөн эцэг эх, асран хамгаалагчтай ганцаараа уулзаж болохгүй.
Дээрэлхэгч хүүхэд магадгүй эцэг эхээсээ сурсан байж болзошгүй. Магадгүй өөрийгөө өмөөрч, хохирогчийг буруутгана. Гэр бүлийн гишүүд нь мөн хүүхдээ өмөөрнө. Иймд дээрэлхэгч хүүхэдтэй уулзахдаа мөн эцэг эх, асран хамгаалагчтай нь уулзахдаа заавал дэргэдээ дээрэлхэлтийн асуудал хариуцсан сургуулийн ажилтантай хамт сууж уулзаарай.
Тус гарын авлагатай бүтэн танилцах бол ЭНД ДАРНА УУ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
