"Үе тэнгийн дээрэлхэлт үүсэхэд эцэг, эхчүүд хувийн арга хэмжээ авах нэрийдлээр бусдын хүүхдийг зодож, танхайрсан үйлдэл ч бүртгэгддэг"

П.Сайнжаргал, IKON.MN
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд мэдээлэл нөлөөллийн ажил эхлүүлэх талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ. 

Энэ хүрээнд "Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нэртэй мэдээлэл нөлөөллийн ажлыг тавдугаар сарын 6-ныг хүртэл зохион байгуулах аж.

Үүнтэй холбоотой мэдээллийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан дараах байдлаар хүргэв. 



Тэрбээр "Өнгөрсөн онд улсын хэмжээнд хүүхэд хохирсон 2,300 орчим гэмт хэрэг бүртгэгдлээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 530 хэргээр буюу 17 орчим хувь буурсан үзүүлэлтэй байгаа. 

2026 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээд 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна.

Өнгөрсөн хоёр, гуравдугаар сард үйлдэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой хэрэг маргааны нөхцөл байдлыг мэдэж байгаа байх. Өсвөр насны хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлтийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох, бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, гадуурхах үйлдэлтэй холбоотой хэрэг маргаан цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.

Гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгаас шалтгаалан эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Мөн зөрчил үйлдсэн бол Зөрчлийн тухай хуулиар шалган шийдвэрлэх ажиллагааг явуулдаг.

Энэ асуудлаас үүдэн хохирогч хүүхдүүд хамран сурах сургуульдаа сурахгүй байх, тогтворгүй болох, шилжин сурах хүсэлт гаргах зэргээр олон хор уршиг үүсдэг. Иймд урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас "365 анхаарч хайрлая" гэх мэдээлэл нөлөөллийн төслийг 2025 онд хэрэгжүүлж эхэлсэн.

Үүний үргэлжлэл болгоод “Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нэртэй мэдээлэл нөлөөллийн ажлыг тавдугаар сарын 6-ныг хүртэл зохион байгуулах юм. Бусдыг дээрэлхдэг, нэр хүндэд нь халддаг, доромжилдог асуудалд цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, эрчимжүүлэхэд чиглэсэн ажил арга хэмжээг явуулна" гэлээ. 

"Бусдыг дээрэлхэж, улмаар хүнд гэмтэл учруулсан бол 12 хүртэл жил хорих ялтай"

Үргэлжлүүлэн хэлэхдээ "Асуудал үүсэхэд эцэг эхчүүд маань хувийн арга хэмжээ авч байна гэж хэлээд бусдын хүүхдийг зодож, танхайрах үйлдэл ч мөн цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Тиймээс эцэг эхчүүд болон хүүхдүүдэд чиглэсэн мэдээлэл нөлөөлөл, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулна.

Тавдугаар сарын 6-ныг хүртэл нэгдсэн байдлаар мэдээллийг эрчимжүүлэн хүргэнэ. 2026 оныг дуустал сургуулийн орчин болон олон нийтийн газруудаар сургалт нөлөөллийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Бусдыг дээрэлхэж, улмаар хүнд гэмтэл учруулсан бол 12 хүртэл жил хорих ялтай. Зөрчлийн шинжтэй бол холбогдох хуулиар торгох арга хэмжээ авч шийдвэрлэдэг" хэмээн нэмж хэллээ.