ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардлаа

А.Төгөлдөр, iKon.mn
1 цаг 31 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан тус зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд хариуцлага тооцохыг шаардаж буйгаа мэдэгдлээ. 

Өнгөрөгч Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан парламентын гишүүнийг эгүүлэн татдаг болох агуулгатай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асуухад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал асуултад хамаарахгүй зүйл хэлж, УИХ-ын даргаас хэлэлцэж буй асуудалтай холбоотой зүйл ярих сануулга авсан. 

Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгээс ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг ҮАБЗ-ийн гишүүд болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас шаардаж байгаа аж. 

Уг шаардлагад дурдсанаар А.Бямбажаргалын үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулиудыг зөрчсөн гэж үзжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "УИХ-ын гишүүд хэн нэгнээр шүүмж хэлүүлэхгүй гэж байгаа хэрэг огт биш. УИХ-ыг гишүүнийг ёс зүйтэй байхыг шаардсан хуулийн төсөл өргөн барьж байгаа хүмүүс өөрсдийнхөө ёс зүйгүй үйлдэл, худал мэдээллээр УИХ-д хандаж болохгүй" гэв.