ҮАБЗ-ийн НБД А.Бямбажаргал УИХ-ын гишүүн Б.Жаргаланг хичээлдээ суудаггүй байсныг нь сануулж, парламентын танхимд хэгжүүрхэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан, боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох өөрчлөлтийг тусгасан энэхүү хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр /2026.04.08/ хэлэлцээд дэмжсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан УИХ-ын дараа болон ажлын хэсгийн гишүүн, ҮАБЗ-ийн гишүүн А.Бямбажаргал нараас асуулт асуув.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Цаашид парламент орших уу үгүй юу гэдэг зангилаан дээр энэ хуулийн төслийг хэлэлцэж байна. Хүн бүр хийх ёстой ажлаа л хиймээр байна. Ерөнхийлөгч нь ерөнхийлөгч шиг эв нэгдлийг хангадаг. Засгийн газар нь засгийн газар шиг асуудлаа шийддэг. УИХ нь парламент шиг ардчилсан тогтолцоог хамгаалж, хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд иргэдийн аж амьдралд шаардлагатай хууль тогтоомжийг баталдаг байх ёстой. Гэтэл манайд бүх хүн хөлөөр толгой хийж байна.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь УИХ-д хууль тайлбарлаад сууж байна. Энэ хуулиа батлуулж авчхаад УИХ-ын гишүүдэд ёс зүй заах юм байна л даа.
Тиймээс УИХ-ын даргад хандаж үг хэлье. С.Бямбацогт дарга парламентад таван удаа сонгогдсон туршлагатай парламентчидын нэг. Энэ хуулийн төсөлд асуудалтай зүйл их байна. Парламенттай холбоотой хуулийг зөвхөн УИХ-ын гишүүд санаачилна гээд хуульд заасан байгаа. Гэтэл ҮАБЗ-ийн ажлын албаны хүмүүс хууль тайлбарлаад байна. Та УИХ-ын даргын хувьд үүнийг зүгээр хараад сууж болох юм уу.
Эгүүлэн татах асуудлыг процессжуулах шаардлагатай гэж үзэх юм бол тэр асуудлыг УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлаад оруулж ирж болно.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дэгийн тухай хуулиар хууль санаачлагчаар асуулт асууж, хариулт авдаг. Гишүүдэд эргэлзээ байгаа учраас танд УИХ-ын Тамгын газраас тайлбар өгүүлье. УИХ-д өргөн мэдүүлж байгаа хуулийн төслийг холбогдох хуулиудад нийцсэн эсэхээр дүгнэлт гаргадаг. Ингэж хянагдсан. Тиймээс Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн хүрээ хязгаарыг зөрчсөн, давсан, парламентын эрх мэдэл рүү халдсан зүйл байхгүй гэж үзсэн. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал учраас бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй гэдэг лавлагаа өгсөн.
УИХ-ын дарга С.Бямбацогтыг дээрх тайлбар өгсний дараа УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Өлзийсайхан Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль бусад хуультай зөрчилдөөгүй, хууль зөрчөөгүй болохыг хууль зүйн үүднээс тайлбарлав.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Сая тайлбар хэлсэн хүн дээр ч гэсэн хөл, толгой нь алдагдсан байдал харагдаад байгаа. Өнгөрсөн намар МАН-ын хэрүүл тэмцлийн үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлаа өгөөд УИХ-ын Тамгын газар ирж ажиллаж байгаа. Тэгээд одоо бас хууль тайлбарлаад сууж байна.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал: Б.Жаргалан гишүүн над руу чиглэсэн тодорхой зүйл хэлсэн учир зүйл хэлье. Юун түрүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуулиар нарийн бичиг нь зөвлөлийн гишүүдийнхээ бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд нь туслахаар заасан байдаг. Хоёрдугаарт, намайг ажлын хэсгийн гишүүнээр оруулсан. Тиймээс би үүрэгт ажлаа хийж байна.
Мөн би Б.Жаргалан гишүүнд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Үндсэн хуулийн процессын эрх зүй гэдэг хичээл зааж байсан. Гэвч би ёс зүйн том алдаа гаргаснаа энд хүлээн зөвшөөрөх ёстой юм байна. Юу гэхээр Б.Жаргалан гишүүн хичээлдээ суугаагүй, хүнээр гуйлгаж дүнгээ тавиулж байсан юм. Би үүндээ хариуцлага хүлээхэд бэлэн байна. Миний хичээлийг сонсоогүй учраас энэ хүн ингэж яриад сууж байна.
Ийнхүү ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалыг үг хэлсний дараа УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэлцэж буй асуудалтай холбоотой зүйл ярихыг сануулж, ажлын хэсгийн гишүүд хэлж байгаа үгээ бодоорой хэмээн анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
